ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газрын “хар толбо”-ыг парламентын босго давуулаагүй С.Бямбацогт танд баярлалаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-21

УИХ-ын гишүүн С.Бямбацогт туршлагатай парламентч, зангарагтай түшээ гэдгээ өнөөдөр харуулж, Засгийн газрыг түүхэнд үлдэх “хар толбо”-ноос нь аврав.

Засгийн газар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хуулиас дээгүүр, хариуцлагаас хол байх эрхийг өөрсдөдөө олгохоор санаархсаныг нь тэрбээр эсэргүүцэж, уг хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн хэлсэн юм. Парламентад хэд хэдэн удаа сонгогдсон, Хууль зүй, Дотоод хэргийн сайдаар ажиллаж асан туршлагатай түүний үг Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд даацтай бууж, уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. Шинэ хуулийн төсөлд Засгийн газар болон түүний харьяа байгууллагын бүх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй байхаар тусгасан байв. Хэрэв энэ төсөл хууль болж гарвал “Эрх нь зөрчигдсөн иргэд шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шийдүүлэх” гэсэн хамгийн энгийн, хамгийн чухал Үндсэн хуулийн заалтыг уландаа гишгэсэн шийдвэр болно. Ингэснээрээ Монголын Засгийн газруудаас хамгийн “хар толбо”-той танхимаар түүхэнд үлдэх байлаа. Дөнгөж өнгөрсөн даваа гарагт өргөн барьсан, парламент дахь намын бүлгүүд, УИХ-ын даргын зөвлөлөөр ч хэлэлцээгүй уг төсөл гэнэт Байнгын хорооны хэлэлцэх асуудлын дараалалд багтсаныг гайхах гишүүд ч олон байв. Үүдээр бус тооноор орж ирсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл нь Монголын ард түмний язгуур эрхийг уландаа гишгэсэн, төрийн дарангуйлал, дураараа авирлалтыг гааруулсан зохицуулалттай. Ийм дарангуйллын систем бий болохоос болгоомжилж төслийг байнгын хорооны “босго” давуулаагүй С.Бямбацогт гишүүнд баярлах ёстой байх.

 

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин