ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Х man”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-21

Манай сонин долоо хоног бүрийн мягмар гарагийн дугаарт төрийн 29 тусгай сан болон концесс, тендер авсан, иргэдийнхээ боломжийг булаасан  улстөрчдийг нам эвсэл харгалзахгүйгээр “Сонгож болохгүй сонголт” булангаараа дамжуулан хүргэж байгаа билээ. Өмнөх дугааруудад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болон Н.Оюундарийг онцолж байсан бол энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Гомбожайн Солтаныг онцолж байна.

“X man” хэмээх тодорхойлт зөвхөн УИХ-ын гишүүн Гомбожайн Солтанд зориулагдсан гэхэд хилсдэхгүй болов уу. Түүнтэй холбоотой мэдээ, мэдээллийг хайсан боловч 2010 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2012 онд “Монгол шаазан” ХХК-д Гүйцэтгэх захирал, 2013 онд Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга гэснээс өөр мэдээлэл бидэнд олдсонгүй.

УИХ-ын гишүүдтэй холбоотой албан ёсны бүх мэдээлэл мэдээлэл http://parliament.mn сайтад  гардагч Гомбожайн Солтан гэж бичсэнээс өөр зүйл бас л байдаггүй ээ. Өнгөрсөн хугацаанд бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ямар нэгэн байр суурь илэрхийлсэн байж магадгүй хэмээн хайсан ч “Уучлалт гуйхгүй” гэсэн хоёр үгнээс өөр зүйл олдоогүй юм. Ингээд бодохоор тэр яах аргагүй энэ парламентын “X man” нь ажээ.

Баян-Өлгий аймгийн иргэд, МАН-ын нөхөд, парламентын хэдэн сэтгүүлчдээс өөр түүнийг хэн ч танихгүй аж. Танигдаж эсвэл танигдах шаардлагагүй явсаар үүрэгт хугацаагаа дуусгавар болгож байгаа нэгэн. Тэрбээр, 2017 онд  өөрийн эзэмшлийн аж ахуйн нэгж болох “Монгол шаазан” ХХК-иараа дамжуулан ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан нь нотлогдож,  албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдож байлаа.

Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар  хүртэл орж байв. Тэр ч бүү хэл Ерөнхий сайдын зүгээс иргэдийнхээ боломжийг хаасан, хулгайлсан албан тушаалтнуудыг ард түмнээсээ “уучлалт” гуй гэдэг даалгавар өгөхөд  “Би зээл аваагүй, уучлалт гуйхгүй” хэмээн пээдийж явсан эр. Саарал ордонд хаа нэгтэй таарахдаа мэнд мэдэж, ярилцлага авах тухай саналаа хэлэхэд гайхсан харцаар хардаг ч “Хэзээ ч  зөвшөөрдөггүй бас татгалздаггүй” –г нь сэтгүүлчид андахгүй. Зарим нь  Г.Солтан гишүүн “Монгол хэлд тааруухан, ярихдаа муу” хэмээн гоочилно.

Нэг хэсэг нь  “Ярих сэдэвгүй, гөлгөр хүмүүст дөрвөн жил урт санагдаж байгаа байх” хэмээн цаашлуулна. Энэ өгүүлбэр дөрвөн жил УИХ-ын гишүүнээр ажилласан Г.Солтаны талаарх бусдын ойлголт бас тодорхойлолт. Тэр Баян-Өлгий аймгийн 100 гаруй мянган иргэнийг төрд төлөөлж  байгаа ч ямар хууль санаачилсан, цөөнхийн үзэл бодлыг төрд хэрхэн илэрхийлсэн, иргэдийнхээ аж амьдралд хэрхэн анхаарсан талаараа огтхон ч ам нээсэнгүй. Түүнээс асуугаад ч нэмэргүй билээ. Тэр УИХ-ын гишүүд дундаас хамгийн олон орон сууцтай.

Ганцхан орон сууц нь гэхэд зах зээлийн ханшаар тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгддэг ажээ. Орлогоороо гишүүд дунд нэлээд дээгүүрт эрэмбэлэгддэг бөгөөд 2018 оны ХОМ-тээ жилд 384.342 мянган төгрөгийн орлоготой “Тюльпан” ХХК, “Эс ти Эл юу” ХХК, “Монгол шаазан” ХХК-иудыг эзэмшдэг нийт 48 мянган ширхэг хувьцаа эзэмшдэг, мөн 100 сая төгрөгийн “Лексус 570”, “Ланд крузер 105”, “Приус 20” машинтай хэмээн мэдүүлжээ. УИХ-ын Тамгын газраас гаргасан судалгаагаар цөөхөн асуулт асуусан гишүүдийн хоёрдугаарт эрэмбэлэгддэг аж.

Түүний өмнө УИХ-ын гишүүн Б.Наранхүү оржээ. УИХ-ын чуулганы танхимд байр сууриа илэрхийлж, асуулт асууж хариулт  авч бодлого ярьж аархдаггүй ч мэдлэггүйгээ бас гайхуулдаггүй. Олны анхаарлыг татдаггүй асуудлын гадна үлддэг ч  нутагтаа бол улс төрийн номер нэг тоглогчоор нэрлэгддэг гэнэ лээ. Бизнес, улс төр хоёрыг хослуулж, нутгийнхандаа нэрээ таниулсан ч талцал, хуваагдлыг үүсгэхдээ мэргэшсэн нэгэн гэх.

Тэрбээр МАН-ынхан Ж.Эрдэнэбатын буюу “Мэргэжлийн” тодотголтой Засгийн газрыг унагаж, дараагийн томилгоог ярих үеэр намынхаа дотоод бодлогод оролцохгүй Баян-Өлгийд бужигнуулж явжээ. Нутаг нэг, нам нэг, үндэс нэг УИХ-ын гишүүн Х.Баделханыг Барилга хот байгуулалтын сайдаар томилох тухай чуулганаар хэлэл­цэхэд эсэргүүцэж, “дэмжээгүй” гишүүнээр Г.Солтан тодорч байлаа.

Түүний сонирхол нь Баян-Өлгий аймгийн Засаг даргаар Т.Серикжаныг зүтгүүлж олны дэмжлэг авахуулчихаад, өөрөө сайдын суудалд санаархах байсан гэдэг. Хөшигний ард талд дахь улс төрийн амьдрал нь богино настай байсан бөгөөд өөрөө сайд ч болоогүй, Т.Серикжан нь Засаг даргаар ч томилогдож чадаагүйгээр “конец” болж байлаа. Г.Солтан нь улс төрийн санаарх­лаа гүйцэлдүүлэхээр Баян-Өлгий аймагт байн, байн маргаан өдөөж Засаг дарга А.Гылымхан руугаа “гүтлэг”-ийн сум тавьж байсан ч “байгаа” онохгүй явсаар үүрэгт хугацаагаа дуусгавар болгож байна.