ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гишүүдийн асуудлыг "техникийн алдаа" гэж дүгнэжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-21

Улсын Их хурлын дэргэдэх Ёсзүйн дэд хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, УИХ-ын нэр бүхий гурван гишүүний үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлыг хэлэлцжээ. Тус дэд хороог УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахалдаг бөгөөд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Сарангэрэл, Х.Баделхан, Б.Наранхүү, С.Бямбацогт, М.Энхболд, Г.Тэмүүлэн нарын гишүүд багтдаг аж.

Өнөөдөр тус дэд хороо хаалттайгаар УИХ-ын гишүүн Л.Болд, М.Оюунчимэг, Ж.Мөнхбат нарын гишүүдийн асуудлыг хэлэлцсэн юм. нэр бүхий гишүүдтэй холбоотой гомдлыг шалгах асуудлыг Дэд хорооны гишүүн Г.Тэмүүлэнд хуваарилсан гэдгийг Б.Бат-Эрдэнэ гишүүн онцоллоо.

Өнөөдрийн хуралд гомдол гаргасан талаас хүмүүс оролцоогүй байна. Учир нь дэд хороог даргалдаг Б.Бат-Эрдэнэ гишүүний тухайд Ерөнхий сайдтай хамт албан ажлаар хөдөө явж байгаад өчигдөр шөнө ирсэн бөгөөд өнөөдөр дэд хорооны хуралтай гэдгийг мэдсэн аж.

Тиймээс дэд хорооны ажлын хэсгийн ажилтнуудад "гомдол гаргасан талтай холбогд" хэмээн үүрэг өгсөн ч тэдгээр хүмүүстэй холбогдож чадаагүй учраас зөвхөн Ёсзүйн дэд хорооны гишүүд хуралд сууж, хаалттай хурлаар хоёр гишүүнийг байлцуулан мэдээлэл авчээ. Улмаар, нэр бүхий гишүүд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нь техникийн алдаа байжээ гэсэн дүгнэлтийг дэд хорооны нийт гишүүдийн 3/2-ын саналаар гаргасан байна. Өөрөөр хэлбэл, ХОМ-тээ холбоотой техникийн алдаа гэж үзсэн байна.