ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ухань хотоос ирсэн 31 оюутныг ХӨСҮТ-рүү хүргэж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-01

БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд орсон Монголын 33 оюутны 31 нь 10:14 цагт эх орондоо ирлээ. Тэдгээр оюутнуудыг авчрах хүсэлтийг БНХАУ-ын тал хүлээн авч,манай улсын агаарын тээврийн хөлгийг хоёрдугаар сарын 1-нд хүлээж авахаа мэдэгдсэний дагуу Ухань дахь монгол оюутнуудыг МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор ийнхүү эх оронд нь авчирлаа. Тусгай чиг үүргийн онгоцонд онцгой байдалд ажиллах үүрэгтэй багийнхан явсан бөгөөд коронавирусын голомтоос монгол оюутнуудаа аваад дөнгөж сая эх орондоо газардлаа. МИАТ компанийн Г.Баатарцогт даргатай экипаж энэ үүргийг гүйцэтгэж байгаа юм. Уханьд байсан 33 оюутны хоёр нь Ухань хотод гэр бүл болсон учраас Монгол руу ирэх хүсэлт өгөөгүй гэх мэдээлэл буй юм. Нисэх онгоц газардахтай зэрэгцэн тусгайлан битүүмжилсэн автобусаар оюутнуудыг тээвэрлэн, ХӨСҮТ-рүү хөдөллөө. Шинэ коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан бусад улс орнууд өөрсдийн иргэдээ авч байгаа юм. Тухайлбал, Европын холбооноос хоёр удаагийн нислэгээр 350 иргэнээ аваад байна.Эхний нислэг нь 250 орчим франц иргэнийг зөөвөрлөх бол бусад нь европын холбооны гишүүн улс орнуудын иргэд болох 100 орчим хүн байгаа юм.Их Британи Улс 200 орчим иргэнээ Ухань хотоос татаж байгаа бол, АНУ Ухань хот дахь 1000 орчим иргэнийхээ 200 - г нь эх орондоо авчирсан байна. Харин Япон Улс тусгай үүргийн гурван онгоц илгээн 650 иргэнээ халдварын голомтоос эргүүлэн татжээ. Эдгээр иргэдийн гурав нь коронавирусын халдвар авсан болохыг албаны эх сурвалж мэдээллээ. Өмнөд Солонгос Улс 700 орчим иргэнээ Ухань хотоос авчрах ажлаа эхлүүлээд байна. Тус улсад коронавирусын дөрвөн тохиолдол одоогоор бүртгэгджээ.