ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Тавантолгойн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж, батална

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-22

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж,  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн бүлэг ордыг цогцоор нь хөдөлгөх төслийг хэлэлцэж дэмжсэн байна. Хурлын дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хянхарваа тэргүүтэй гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.   Тэд ирэх долоо хоногийн баасан гаригт чуулган завсарлах учраас түүнээс  өмнө Тавантолгойн төслийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхгүй бол намрын чуулган хүртэл хүлээж хугацаа алдах гээд байгаа хэлсэн юм.

Хурлын эхэнд МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа  “Энэ том төслийг хөдөлгөхөд олон улсын зэх зээлд IPO гаргах шаардлага бий. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, зөвлөхүүдэд хандахаас эхлээд энэ ажлыг хийж гүйцэтгэж эхэлтэл багагүй хугацаа шаардагдана. Уг төслийг хэрэгжүүлэхдээ Монгол дахь боломжоо ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, 'Энержи Ресурс'-ын нүүрс угаах үйлдвэрийг бүрэн ашиглаж чадвал нэг жилд Монгол Улсын төсөвт 600 орчим тэрбум төгрөгийн татварын орлого орж ирэхээр байгаа. Энэ мэт бид боломжоо ашиглах хэрэгтэй” хэмээн ярилаа.

Харин Тавантолгойн цахилгаан станцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар  “Тавантолгойн бүлэг ордууд эрчим хүчний хязгаарлагдмал нөөцөөр ажиллаж байгаа. Эрчим хүчнийг хангах ажлыг цогц төслөөр шийдвэрлэхээр төлөвлөж байгаа. Энэ чиглэлээр хувийн хэвшилтэй хамтраад ажиллая гэж төлөвлөж байгаа. Тавантолгойн төсөл хэрэгжсэнээр ойролцоогоор жилд 2.8 тэрбум ам.долларын экспортын орлого нэмэгдэж улсын төсөвт жилд дунджаар 400-1.1 тэрбум ам.долларын орлого төвлөрнө гэж тооцоолж байгаа. Шууд болон шууд бусаар 5800 орчим ажлын байр шинээр нэмэгдэнэ” хэмээн мэдээллээ.

Мөн хаврын чуулган завсарлахаас өмнө Тавантолгойн бүлэг ордыг цогцоор нь хөдөлгөх төслийг хэлэлцэнэ гэдгийг ч хэлсэн юм.