ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Ганболд: Аялал жуулчлалын үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-05

Энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг урьж, ярилцлаа. 

-Хөвсгөл аймагт өвөл­жилт хэр байна. Зудын эрсдэлтэй сумд байна уу?

-Манай аймгийн хувьд бусад аймгуудыг бодвол харьцангуй эрт цас ордог. Одоо нийт нутгаар цасан бүрхүүлтэй байгаа. Намар аравдугаар сард орсон цас хайлмагтаж, мөсөн бүрхүүл үүсгэсэн нь малчдад нэлээд хүнд байдал үүсгэсэн. Зарим газраар зузаан хөр цас үүссэн байгаа. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд зургаан суманд өвөлжилт хүндхэн байгаа. Тиймээс малчид отор нүүдэл хийж, зарим мал нэмэгдэл тэжээлд орсон. Жаргалант, Шинэ-Идэр, Галт, Цэцэрлэг, Цагаан-Уул, Их-Уул сумын зарим багуудад өвс тэжээл хүргэх ажлыг Аймгийн онцгой комисстой хамтран зохион байгуулж байна.  Ялангуяа отроор нүүсэн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд хяналт тавих чиглэлээр түлхүү анхаарч ажиллаж байгаа. Аймаг дотроо 492 өрх отрын нүүдэл хийж, бусад аймгийн нутаг дэвсгэр рүү манай аймгийн 124 өрх оторлож байна. Аймгийн Засаг даргын зүгээс сумдын удирдлагуудад оторт явсан малчдаа эргэж, тойрох, эргэх холбоотой ажиллах үүргийг өгсөн. Үүнд зарцуулах шатахуун, зардлыг аймгийн онцгой комиссоос гаргаж байгаа юм.

-Мөсний баярыг энэ жил хэдийгээр зохион байгуулах вэ?

-Зохион байгуулах ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Жил бүр болдог хугацаандаа буюу гуравдугаар сарын 02-04-ний өдрүүдэд Далай ээжийн хөвөөнд болно. Гэхдээ энэ жилийн мөсний баяр хоёр үе шаттай болж байгаа юм. Мөсний баярын өмнө “Цас цааны баяр”-ыг хоёрдугаар сарын 28, 29-нд Рэнчинлхүмбэ суманд зохион байгуулна. Нэг ёсондоо аялал жуулчлалын хугацааг уртасгах, жуулчдын байх хугацааг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

-2016-2020 оны парла­ментад Хөвсгөл аймгаас гурван УИХ-ын гишүүн сонгогдсон. Энэ хугацаанд түшээд хэр сайн ажиллав. Аймагт хийсэн бодит ажил юу байна вэ?  

-УИХ-ын гишүүн хүний гол ажил ард иргэдийн эрх ашигт нийцсэн хууль, тогтоомж боловсруулж, бат­лах. Бид энэ ажлаар нь л дүгнэнэ. Хоёрдугаарт, орон нутагт хийж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт бол мэдээж төрийн ажил. Улсын болон орон нутгийн төсвөөр хийж байгаа ажлуудыг хангалттай сайн байлаа гэж хэлнэ. Татвар төлөгчдийн мөнгөөр хамгийн хэрэгцээтэй, үр ашигтай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийх ёстой. Манай аймагт хийсэн ажлууд энэ зарчимд нийцэж чадсан болов уу гэж бодож байна. Одоо бид хүндээ чиглэсэн асуудалд түлхүү анхаарч байгаа. Иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх  нь бидний тэргүүн зорилтын нэг юм. Төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төвийн асуудлуудыг шийдэж байгаа. 

-2020 онд хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлууд юу байна. Хөвсгөл аймагт хуваарилсан 2020 оны төсөв төлөвлөсөн ажилд хүрэлцээтэй байна уу?

-Энэ онд нийт 107.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий бүтээн байгуулалтын ажлуудыг хийх юм. 2020 оны улсын төсвөөс манай аймагт 58.6 тэрбум төгрөгийн төсөв хуваарилсан. Улсын төсөв болон орон нутгийн төсвөөс гадна олон улсын байгууллагуудын зээлийн эх үүсвэр байна. Жишээлбэл, Азийн хөгжлийн банкны 9.1 тэрбум төгрөгийн санхүү­жилтээр аймгийн төвийн төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил явж байна. Мөн Азийн хөгжлийн банк­ны хөнгөлөлттэй зээлээр Хөвсгөл аймагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, 55 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ мэт олон ажил хийгдэж байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жил бид 26 барилга байгууламжыг шинээр барьсан. Энэ онд мөн 23 байгууламжыг шинээр барихаар төлөвлөөд байна. 

-Хөвсгөл аймаг аялал жуулчлалын бүс нутаг гэдгээрээ онцлог. Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр ямар бодлого баримталж байна вэ? 

-Аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг миний бие санаачлан баталж, хэрэгжүүлээд явж байна. Тодруулбал, холбогдох мэргэжлийн байгууллагууд, аялал жуулчлалын холбоо, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоотойгоор Хөвсгөл аймгийн аялал жуулчлалыг 2028 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг баталсан юм. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтийг зөвхөн төрийн гэлтгүй хувь хувьсгалын бүх аж ахуйн нэгжийн оролцоотойгоор хэрэгжүүлээд явж байна.  Гол нь аялал жуулчлалын салбартаа олон улсын стандартын шаардлагад нийцэх асуудалд гол анхаарлаа хандуулж байна. Наад зах нь нүхэн жорлонгүй байя, цэвэрлэх байгууламжийн асуудлаа аж ахуйн нэгж байгууллагууд бүрэн шийдсэн байх зэрэг шаардлагуудыг хатуу тавьж байгаа юм.  Мөн дэд бүтийн хувьд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Азийн хөгжлийн банкны 55 тэрбум төгрөгийн санхүүжилтээр маш том төслийн ажил хийгдэж байгааг дуулгах таатай байна.  Жишээлбэл, Хөвсгөл нуурын баруун талын авто замын асуудал, эрчим хүчний асуудал, томоохон аялал жуулчлалын төвүүдийн барилга байгууламж гээд маш олон ажлуудыг хийж эхлээд байна. Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө гэдэг маш олон асуудлыг тусгасан баримт бичиг. Засгийн газраас Хөвсгөл нуурын бүс орчмын нутгийг эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ бол бидний хөгжлийн бодлого, алсын хараанд маш том дэмжлэг болсон шийдвэр байсан. 

-Нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амаараа Хөвсгөл аймаг хамгийн томд тооцогдох аймгуудын нэг.  Саяхан гаргасан аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр 15-д орсон байсан? 

-Төрийн бус байгууллагууд судалгааны янз бүрийн үнэлгээ гаргана. Аймгуудын өөрийн боломж нь ямар байна, төсөв хөрөнгө нь ямар байна, өөрийн орлогоо хэрхэн бүрдүүлж байна вэ гэдэг хамгийн чухал. Энэ бүх үзүүлэлтийг дүгнэж харах ёстой юм. Түүнээс биш шууд бүх аймгууд, ижил гараа­наас үнэлэгддэггүй. Хөвсгөл аймаг аялал жуулчлалын үйл ажиллагаагаараа бусад аймагтай харьцуулашгүй.  Бизнесийн зах зээлийн багтаамж ч бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй том. Хамгийн их хүн амтай. Энэ бүх зүйл бол өрсөлдөх чадвар гэж харж байгаа. Бид өрсөлдөх чадварыг улам сайжруулах, жишиг аймаг болохын тулд ажиллана. Хөвсгөл аймгийн баялаг бүтээгчид, аймгийн төрийн байгууллага гээд бүх түвшиндээ манлайлж ажиллаж байна. Санхүүгийн үйл ажиллагааны ил тод байдлаар Хөвсгөл аймаг сүүлийн хоёр жил дараалан улсдаа тэргүүлсэн. Бүх тендерийн худалдан авал­тын үйл ажиллагааг улсын хэмжээнд ил тодоор, цахимаар зохион байгуулж байна. Энэ бүгд аймгийн өрсөлдөх чадварын том үзүүлэлт. Гэхдээ судалгаанд энэ бүх үзүүлэлтийг харгалзан дүгнэж байна уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй юм. Аймаг бүрийн орлого өөр. Хөвсгөл аймаг өөрийн орлогыг бүрэн бүрдүүлж чаддаггүй, улсын төсвөөс хамгийн их татаас авдаг аймаг. Тэгсэн хэрнээ аймгийнхаа орлогыг бүрдүүлэх тодорхой ажлуудыг хийж, амжилт бүтээл гаргаж байна. Бүтээн байгуулалт, шинэ техник технологийг нэвтрүүлж байна. Уул уурхайд газар нутгаа хамгийн бага ухуулсан аймаг бол Хөвсгөл. Энэ бүхнийг өрсөлдөх чадвар гэж үзэж байна. Өрсөлдөх чадвар хэр сайн байгаа вэ гэдгийн үр дүн арав, хорьхон жилийн дараа тодорхой болно.

-Уул уурхай гэснээс “Аспайр майнинг” компан­ийн асуудал юу болсон бэ. Ц.Цэрэнпунцаг гарьд хятадуудтай нийлж Хөвс­гөлийг ухах гэж байна гэж хэсэг шуугисан? 

-“Аспайр Майнинг” гэдэг компани Австралийн хөрөнгө оруулалттай байж байгаад дийлэнх хувийг нь Монголын тал авсан юм билээ. Одоо Монголын аж ахуйн нэгж болсон гэсэн үг. Энэ компани Хөсгөл аймгийн Цэцэрлэг суманд ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй юм байна.  Хүмүүсийн яриад байгаа шиг ухаж, төнхөх асуудал гараагүй. Ашиглах асуудал яригдах юм бол нэн тэргүүнд юу барих, ямар үйлдвэр байгуулах вэ гэдэг зүйлийг л ярина. Хууль ёсны дагуу тусгай зөвшөөрлөө авсан учраас цуцлах эрх хэмжээ бидэнд байхгүй. Хууль, шүүхээр явахад өр төлбөрийг нь ч бид давж чадахгүй. Хууль зөрчөөгүй учраас ямар нэг байдлаар үйл ажиллагааг нь хязгаарлах эрх бидэнд байхгүй юм.