ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүллээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-22

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Ерөнхийлөгчийн УИХ-ын 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан хоригийг хэлэлцлээ.

Ерөнхийлөгчийн хоригийг түүний зөвлөх Р.Булгамаа гишүүдэд танилцуулсан юм. Харин Хуульзүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулахдаа “Д.Гантулга өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн тул Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. Харин УИХ-ын гишүүн Д.Муратыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг байнгын хорооны олонх дэмжсэн” гэв.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсныг дэмжсэн танилцуулгыг Д.Лүндээжанцан хийлээ. Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 38 гишүүний дийлэнх нь дэмжлээ.