ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Аймаг, сумын ИТХ-ын нөхөн сонгууль үргэлжилж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-24

Сонгуулийн тухай хуулийн 20.1 дэх хэсэгт нөхөн сонгуулийн санал хураалтыг жил бүрийн зургадугаар сарын сүүлийн ням гараг болон аравдугаар сарын эхний ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар хуульчилсан. Энэ дагуу зарим аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын нөхөн болон дахин сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт эхэллээ.

Хуулийн дагуу өмнө нь  сонгогдсон төлөөлөгч нь төрийн албанд томилогдсон, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, нас барсан, засаг захиргааны шилжилт хөдөлгөөн хийсэн, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсоны улмаас орон тоо гарсан тул нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулдаг. Энэ удаагийн нөхөн болон дахин сонгууль 11 аймгийн 29 сумын 43 хэсэгт болж байгаа юм.

Мөн уг сонгуульд 83 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 23477 сонгогч санал өгөх ажээ. Санал хураалт 22.00 цагт дуусна. Нөхөн болон дахин сонгуулийн санал авах ажиллагааг сонгуулийн автоматжуулсан систем ашиглан явуулж байгаа бөгөөд сонгуулийн дүнг шууд дамжуулах юм байна.