ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сайн жишиг

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-21

Шинэ төрлийн коронавирус буюу “covid-2019” халдварын тархалт дэлхий нийтийг цочролд оруулсан. Улс орнууд халдварын тархалтын бууруулахаар өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж, хилийн хориг тог­тоо­хоос гадна эрдэмтэн, суд­лаачид эм­чил­гээ­ний зохистой хувилбарыг илрүүлэхээр бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Даяаршлын эринд дэл­хий нийт вирусийн эс­рэг ариутгал, халд­вар­гүй­жүү­лэлт, ариун цэв­рийг чандлан сахиж, дарх­лаагаа дэмжих, амны хаал­тыг байнга хэрэглэх гэсэн цөөн хэдэн зөвлөмжийг хү­мүүстээ өгч чадлаараа сахин хамгаалахаас гадна ир­гэ­ний­хээ үүргийг хариуцлагатай­­гаар бие­лүү­лэ­хийг хүсэв. Дэлхий нийтээрээ тус вирусийн эсрэг хайртай бүхнээ хамгаалахын төлөө шаард­лагатай бүх арга хэмжээг авч байна гэсэн үг. Бидний цөөхөн монголчууд ч гэсэн дэлхийн жишгээс хоцорсонгүй. Төр, засгийн шийдвэр нөхцөл байдалтай уялдан гарч, холбогдох байгууллагуудаас шат дараалан арга хэмжээ авч, хүн чиглэсэн бодлогууд ар араасаа гарч байгаа нь сайшаалтай. Бид цөвүүн цагт гадны туршлагаас дутахааргүй их, сэтгэл, зүтгэл гаргаж байгааг мартах учиргүй юм. Тиймээс хэрэгтэй цагт нь нэгэндээ талархлын үгээ ханатал хэлж, задарсан үед ташуурын амт үзүүлчихдэг соёлд сурч, суралцаж явна даа. Тухайлбал, вирусийн тархалт өндөр байгаа энэ үед манай сонины удирдлагуудын зүгээс шийдвэр гаргаж, долоо хоногийн гурван өдөрт ажилтнуудаа амрааж бай­гаа. Онцын шаард­лага­гүй үед гадуур гарахгүй байхыг са­нуулж, ажлаа онлайн болон утсаар хийх боломжийг олгосон. Манайх­тай ижил, төстэй шийдвэрийг зарим хэвлэл мэдээллийн байгууллага туршлага болгож, өдөр тутмын үйл ажиллагаандаа цахим хувилбар ашиглаж, гэр бүл болон ойр дотныхоо хүмүүст амьдралынхаа ихэнх цагийг зарцуулах боломжийг өглөө. Түүнчлэн энэхүү уриалга хүрээгээ улам тэлж, хувийн аж ахуйн нэгж болон үйлчилгээний төвүүдээр үргэлжилжээ. Өөрөөр хэлбэл тэргүүлэгч үүрэн телефоны нэг болох “Юнител” групп жирэмсэн болон бага насны хүүхэдтэй ажилт­нуу­даа гэрээсээ аж­лаа цахимаар хийх болом­жийг олгожээ. Харин бу­сад ажилтнуудынхаа аж­лын цагийг багасгаж, ар гэр­тээ анхаарал, халамж тавих нөхцөлийг бүрдүүлж өг­лөө. Мөн “Шөнийн зах” худал­дааны төвийн удирдлагууд үйлчлүүлэгч болон худал­дан авагч эрс буурсан энэ­хүү өдрүүдэд талбайн түрээ­сийг 30 хувиар буурууллаа. Түрээслэгчид энэхүү шийд­вэрт нь баярлаж байгаа бө­гөөд орлого муутай, үйлч­лүү­лэгч багатай хөл хорио тогтоосон үед цагаа олсон шийдвэр хэмээн талархаж байгаа аж. Сайн жишиг үүгээр дууссангүй. Арил­жааны банкууд ажиллах цагийн хувиараа багасгаж, үйлч­лүүлэгч­дийг аль болох олноор цуг­луулахгүйн тулд карт болон цахимаар үйлчилж байна. Зарим үндэсний үйлдвэрлэл, сүлжээ дэлгүүр аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй байх бодлогыг барьж, хөөрөгдөл, хүнсний хомсдол үүсгэхгүйн тулд анхаарал тавин ажиллаж байх ажээ. Түүгээр ч зогсохгүй төрийн бус байгууллага, ахуйн нэгж, иргэд бусдад зөв үлгэр дууриал үзүүлж, хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бие биедээ тусламжийн гараа харамгүй сунгаж байна. Тухайлбал,Их аварга Д.Дагва­дорж олон улсын шаард­лага хангасан 400 шир­хэг хамгаалалтын хувцсыг Эрүүл мэндийн яаманд гардуулж өглөө. Мөн хөдөө, орон нутгийн удирд­лагууд ажлын цагийн хуваарийг багасгаж, иргэдэд хүнд­рэл учруулахгүйн тулд тө­рийн үйлчилгээг шуурхай хэрэг­­жүүлж байгааг дур­дах­гүй, хэлэхгүй, маг­тах­гүй, сайшаахгүй байж чад­сангүй. Бид хамгийн хүнд үед нэгнээ хайрласан, ту­салсан, хүндэтгэсэн шийд­вэр бодлогыг хэрэг­жүүлж улсынхаа болон иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадлаа. Бусад нь ч энэ жишгээс суралцаасай, бас хэрэгжүүлээсэй.