ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БНСУ-ын Тэгү хотоос ирсэн иргэдийг ОБЕГ-ын сувилалд тусгаарлажээ

O.Admin
2020-02-24

Долоо хоног бүрийн ажлын өдрүүдэд 11.00 цагаас Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалнууд шинэ төрлийн коронавирусийн талаар иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байгаа билээ.  Тэгвэл өнөөдөр буюу шинийн нэгний өдөр ч тэд мэдээллээ тасалдуулалгүй өглөө. Эрүүл мэндийн байгууллага эдгээр өдрүүдэд 24 цагаар ажиллаж байгаа гэдгийг мэдээллийн эхэнд онцолсон юм. “Covid-2019 нь эхний үедээ БНХАУ-ын Ухань хотоос ирсэн, явсан, тэнд амьдарч байсан иргэдтэй уулзсан хүмүүсээс илэрч байсан бол одоо эзэн биегүй, эх уурхай нь тодорхойгүй тархаж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл онцлов Тэрбээр, “Урьд нь бол Ухань хоттой ямар нэг байдлаар холбогдож байсан бол одоо эзэн биегүй тархаж эхэллээ. Дэлхийн 28 улсад тархлаа. Дэгдэлт цар тахалд хүрэх аюулын өмнө байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын онцгой комиссын гишүүд ч амралтын өдрөөр, ажлын өдрөөр ч яаралтай хуралдаж, олон төрлийн үр дүнтэй, бусад улс оронд туршлага болохуйц олон арга хэмжээг авч чадлаа.

Үүний үр дүнд хоёр сар гаруйн хугацаанд энэ өвчнийг оруулж ирэхгүй барьж чадсан. Өнөөдөр ч гэсэн Улсын онцгой комисс хуралдаж, шийдвэр гаргах гэж байна. Төр засаг ингэж анхаарч байхад түмэн олон ч хариуцлагатай, салбар яам болон төрийн шийдвэрээ дэмжиж ажиллах шаардлагатай байна. Бид аюулын дунд амьдарч байгаа гэдгийг ойлгоорой. “Стимо” компани, “Эрдэнэт” үйлдвэр, Төмөр зам зэрэг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтан бүрийнхээ төлөө анхаарч, маск тараах, халуун аарц, хоолоор үйлчлэх, ар гэрийнхэнд нь дархлаа тэтгэх витамин өгөх зэргээр ажиллаж байна” гэлээ.

Мөн Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мөн мэдээлэл өгөв. Тэрбээр, “БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад ирсэн иргэдийг 14 хоногийн хугацаанд гэртээ өөрийгөө карентилж, мөн гэрийн хаяг бусад мэдээллээ өгөхийг хүссэн. Гэвч иргэд шаардлагыг үл тоож, гэрийн хаягаа нуух, ирээд шууд хөдөө орон нутаг руу явах зэргээр зөрчил гаргаж байна. Бид БНСУ-д өвчлөл нэмэгдэж байгаа учраас тэнд амьдардаг иргэдийн цахим хуудсуудад хүртэл бүртгүүлж, мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмж өгч эхэлсэн.

Гадаад харилцааны яамны консулын газраар ч дамжуулан мэдээлэл өгч байна. Бүх аймаг, эмнэлгүүд яамны 323002 гэсэн утсанд мэдээллээ өгч байгаа. Засгийн газрын нөөц сангаас гаргасан 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр холбогдох тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, хамгаалах хэрэгслийг авч түгээсэн. Заавар зөвлөмж, сургалтаа ч хийсээр байна. Хэрвээ ямар нэг байдлаар тохиолдол бүртгэгдэх юм бол өрхийн, сумын эрүүл мэндийн төв, тосгон, нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ хэрхэн яаж ажиллах талаар зураглал гаргаж, сайдын гарын үсгээр баталгаажуулсан” гэлээ. Өчигдөр 15.00 цагт БНСУ-ын онгоцоор ирсэн Солонгос улсын зургаа, монголын 11 иргэнийг ОБЕГ-ын сургалт, сувиллын төвд тусгаарлах арга хэмжээ авчээ. Дөрвөн эрэгтэй, хоёр хүүхэд, 11 эмэгтэйг тус тус тусгаарласан бөгөөд тэдний дунд нэг жирэмсэн эмэгтэй байгаа аж. Халуурсан ямар нэг зовиуртай хүн байхгүй гэсэн юм.