ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ДЭМБ: Вирусийн дэгдэлтийг хязгаарлах боломж хумигдсаар байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-24

БНХАУ-ын Ухань хот болон дэлхийн 28 улсад тархсан covid-2019 вирус өнөөдөр өглөөний байдлаар нийт тохиолдлын тоо 223-аар нэмэгджээ. Нас баралт 150-аар нэмэгджээ. Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээс үзвэл, хоёрдугаар сарын 23-ны 0-24 цагийн байдлаар халдвар авсан хүний тоо 77150-д хүрч, 3434 хүн шинээр сэжиглэгджээ. Халдвар тээгчидтэй ойр байсан 635531 хүний дотроос 97481 хүнд эмнэлгийн ажиглалт хийж байна.

Дэлхий нийтийг түгшээсэн вирусийн халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 28 улсад тархжээ. Зарим улсад голомтлон тархаж байгаа аж. ДЭМБ-ын Ерөнхий захирлын тэмдэглэн хэлснээр өдөр ирэх тусам вирусийн дэгдэлтийг хязгаарлаж, хумих боломж хумигдсаар байгаа аж.  

БНСУ өчигдрөөс онц байдал зарласан бол Итали улсад өчигдрийн байдлаар 150 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 10 хотыг хөл хорионд оруулж, нийтийг хамарсан арга хэмжээг цуцалжээ.  Солонгос улсад сүүлийн гурав хоногийн дотор 400 гаруй тохиолдол бүртгэгдсэний 300 гаруй нь зөвхөн Тэгү хотын сүмийн цуглаанаас тархжээ.

Нэг хүн гэхэд л эмнэлэг, зочид буудал зэрэг газруудаар явж, хамгийн багадаа 160 гаруй хүнд халдаасан гэх мэдээллийг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн н.Ариунтуяа өглөө. Дэлхий дахинд хурдтай тархаж буй учраас хүн бүхэн дор бүрнээ анхаарал сэрэмжээ дээшлүүлж, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийг дагаж биелүүлэхийг уриалсан юм. Сүүлийн өдрүүдэд БНХАУ-ын Ухань хотноо халдварын тоо багасч, эдгэсэн өвчтөний тоо нэмэгдсэн ч бусад улс орнуудад эсрэгээрээ нэмэгдэж эхэлсэн мэдээллийг ч мөн өгсөн юм. Тухайлбал, Израиль, Ливан зэрэг улсуудад өвчлөлийн тоо эрс нэмэгджээ.