ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Сумъяабазар: Нүүрс тээвэрлэх жолооч нар хамгаалах хувцас өмсөнө

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2020-03-09

Улсын онцгой комиссын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах, нүүрс болон газрын тосны тээвэрлэлтийг сэргээх бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Өмнөговь аймаг, Гашуун сухайт боомтод ажиллалаа. 

Тус ажлын хэсэгт ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан болон бусад холбогдох мэргэжилтнүүд багтсан байна. УОК-ийн гишүүд гааль, тээврийн жолооч нарын төлөөлөл болсон ТББ-ууд болон бусад албаныхан хэрхэн хилийн тээврийг аюулгүй хийх талаар хуралдсан юм. Мөн хилийн ойролцоо 50 хүртэлх хүний багтаамжтай тусгаарлах байр бэлтгэсэн бөгөөд Хятадын нутагт хил гарч ирэлгүй хоносон тохиолдолд жолоочийг тус байранд тусгаарлах юм байна.  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар  “Гуравдугаар сарын 15-наас хилийн тээвэр эхэлнэ. Үүний өмнө бэлтгэл ажлаа маш сайн хангах хэрэгтэй. Экспорт эхлэхээр жолооч нар Хятад улс руу үдээс өмнө хил гараад үдээс хойш тус улсад хонолгүйгээр орж ирэх, бүгд нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй гараад Монгол Улсын нутагт орж ирээд устган, машинаа бүрэн ариутгалд оруулах зэргээр аюулгүй байдал талаас нь авах арга хэмжээг чанд мөрдөх хэрэгтэй. Ер нь боломжийн хэмжээнд эхнээсээ бэлтгэлээ хангаад явж байна. Эхний ээлжинд 300-350 хүртэлх тээврийн машин хилээр нэвтрүүлнэ . Гуравдугаар сарын 30-наас хойш тодорхой хугацаагаар гарч байгаа тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх, зайлшгүй тохиолдолд хонох хэрэгтэй бол тэр үед нь хуралдаж байгаад зохицуулалт хийсэн нь дээр гэж бодож байна” гэв. 

Мөн онцгой горимд шилжиж хөл хорио тогтоосон энэ үед иргэдийн эрүүл аюулгүй байдал хамгийн чухал гэдгийг сайд онцоллоо. Энэ сарын 15-ны өдөр экспорт эхлэхтэй холбоотойгоор сайд Д.Сумъяабазар УОК-д энэхүү томилолтынхоо талаар танилцуулга хийн холбогдох шийдвэрүүдийг гар­гуу­лах юм байна. 

Уулзалтын үеэр “Цагаан хад хөгжлийн гарц” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Адъяацэрэн “Цагаан хад орчмыг дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл байдал намжтал онцгой бүс болгож өгөөч гэж хүсч байна. Тодорхой тооны хүмүүс нэвтрүүлдэг, дурын хүмүүс энд зорчоод, өөрсдөө ирээд машин тэргээр орох гээд эсвэл энэ хавиар янз бүрийн ажил хийх гээд сэлгүйцээд байх нөхцлийг бүрдүүлэхгүй онцгой бүс байгуулах хэрэгтэй байна. Яг тээвэр хийх зөвшөөрөгдсөн компанийн зөвшөө­рөгд­сөн жолооч нарыг нэвтрүүлнэ гэвэл энд 10-20 мянгаараа хүн цуглахгүй байх гэж бодож байна” гэв. 

Мөн хилийн боомтоор нэвтрэх жолооч нар нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэлээ өөрсдөө худалдаж авах эсэхийг холбоодын гишүүд асууж байлаа. Үүнд  МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан хариулт өгсөн бөгөөд тэрбээр  “Журам дээр нарийн зааж өгсөн. Тухайн компани  өөрсдийнхөө харьяалалын жолооч нараа хамгаалах хувцас хэрэглэлээр бүрэн хангах ёстой. Жолооч өөрөө авахгүй. Жолооч бүр ямар нэгэн компанид харьяалагдаж байгаа.  Тийм учраас харьяалагдаж байгаа компани тусгаарлах байр, хамгаалах хэрэгсэл, хоол бие засах газар гэх зэргээр кэмпийг бүгдийг зохион байгуулах бүр эрхийг олгосон байгаа” гэлээ. 

Түүнчлэн, Гашуун­сухайт боомтын удирд­лагууд ариутгал, халд­вар­гүй­жүү­лэлтийн бодис, хамгаалах хувцас хэрэгслийн зургаан хоногийн нөөцтэй бөгөөд нэг сарын нөөц бүрдүүлэхэд 105.3 сая төгрөгийн төсөв хэрэгтэй байгааг уламжилж, шийдвэрлэж өгөхийг хүсэв. 

Гаалийн байгууллага эхний ээлжинд нүүрс тээврийн орох гарах чиглэлд хоёр, хоёр замаар шалган нэвтрүүлэх аж. Тавантолгойн уурхай, Цагаанхад дахь гаалийн хяналтын бүс, Гашуунсухайт боомтод жолооч, тээврийн хэрэгслийн халдвараас хамгаалах эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийг хэрэгжүүлэх, тээвэрлэлтийг зохион байгуулалтад оруулах арга хэмжээг бүрэн авч чадсан нөхцөлд нүүрсний экспортыг эхлүүлэх боломжтой гэдгийг сайд Д.Сумъяабазар онцгойлон анхааруулж байлаа.