ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж “United frends” ХХК-ийг байгуулж, оффшор бүсэд мөнгө угаасан нь тогтоогдсон

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-09

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа. 
 
-АН-ын даргын зөвлөх З.Энхболд “Таван толгой”-н ордын 30 хувийг хямд  худалдах гэж байна хэмээн мэдээлсэн. Энэ үнэн үү. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

-Миний хувьд энэ сарын 5-ны өдөр  ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхд “ҮАБЗ-ийн 2018 оны 33/28 дугаар зөвлөмжийг ил болгох санал өгсөн. Нууцаас гаргах гэж байгаа нь ямар учиртай юм бэ гэхээр ҮАБЗ-өөс Тавантолгой нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төмөр замын дэд бүтцийг явуулах зөвлөмж гаргасан. 

Засгийн газрын тогтоолын хамт гарсан зөвлөмж шүү дээ. ҮАБЗ-тэй Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга хамгийн ойр ажилладаг. Үүнийг боловсруулах ажилд оролцсон, хуралд суусан хүн. Энэ хугацаанд буруу гэж бодож байсан юм бол засахгүй яасан юм бэ. Зүүнбаянгийн төмөр зам гээд Ерөнхийлөгчийн институц улс төрийн манлайлал үзүүлж оролцсон. Миний хувьд ч гэсэн энэ талаар олон удаа байр сууриа илэрхийлж байсан. Үүнийг дагасан АН-ын увайгүй улс төр олон давтагдаж байгаа. Засгийн газрын хувьд ч өнөөдрийг хүртэл болгоомжтой хандаж ирсэн. Өнөөдөр энэ нь бүр нотлогдож байна. Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад олон улсын зах зээлд буюу IPO гаргахаар судалгааны ажил хийж  явж байна. Энэ зөв арга мөн. Гэхдээ ийм улс төрийн байдлаар энэ ажил цаашаа явахгүй нь тодорхой. Хэрвээ 2018 оны ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил болсны дараа Засгийн газар хуралдаанаа зарлаад шаардлагатай бол Ерөнхий сайд татгалзан гарах асуудал хөндөгдөнө гэсэн үг. Үүнийг дагаад дэд бүтцийн ажлууд зогсох эрсдэл бий.

-Бүхэл бүтэн улс орны эрх ашгийг ярьж байна. тэгэхээр шууд улс төр хэмээн тодорхойлж болох уу? 

-Төрийн албанд ажиллаж байсан дарга нарынхаа учрыг олохгүй бол үнэхээр болохгүй байна.  Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхдаа  энэ асуудлыг огт өөрөөр ярьдаг байсан. Гэтэл З.Энхболд АН-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллах болсон цагаас эхлэн  төрийн нууцтай холбоотой мэдээллийг олон нийтэд ил гаргаж байна. Өөрөө мэдэхгүй  юм шиг улс төр хийж байна. УИХ-ын дарга байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудлыг мэдээгүй гэдэг. Энэ бол худлаа. УИХ-ын дарга ийм том асуудлыг мэдэхгүй байх боломжгүй. Улс орны байдал хүнд байна. Бидэнд улс төр хийх цаг алга. Үүнийг сөрөг хүчин ойлгож, харах хэрэгтэй. АН үнэхээр стратегийн ор газруудыг хууль бусаар олгох асуудалд  цэг тавья гэж бодож байгаа бол зугтаад явсан Ц.Элбэгдоржийгоо олж ир. Танай намаас сонгогдоод томилогдсон  Ч.Сайханбилэг гэдэг хүнээ олж ирэх хэрэгтэй. Хил даваад зугтаад явчихдаг байж болох уу. Сөрөг хүчний нөхдүүд эхлээд суудлаа олох хэрэгтэй. 

-“Эрдэнэт” үйлдвэрийн онцгой дэглэм хэзээ дуусах вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онцгой байдал  энэ сарын 7-нд дууссан. Шалгалт ороод дууссан. Учир битүүлэг олон асуудал гарч ирсэн. Онцгой дэглэм дууссаны дараа дэлгэрэнгүй танилцуулна. Тухайлбал, зэсийн баяжмалыг 11-12 компанид олгодог. Компаниудыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн эрэмбэлдэг байсан нь шалгалтаар тогтоогдсон. 

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбон тайлбарлаад байгаа шүү дээ?

-Тийм ээ. Монголын талын зардлыг өсгөж, өөрсдийн оффшор компаниудаар дамжуулж авсан нь баримтаар  тогтоогдсон. Энэ мөнгөнүүд нь Монголд ирээд үл хөдлөх хөрөнгө болсон нь ч тогтоогдож байгаа. Тухайлбал, Ц.Элбэгдорж “United frends” буюу “Нэгдмэл найзуудын холбоо”   нэртэй  компанийг байгуулж, оффшор бүсэд мөнгө угаасан нь баримтаар тогтоогдсон. Мөн манай хууль хяналтын байгууллагын удирдлага, улстөрчид орж оффшор бүсээс мөнгө угаасан байна. Энэ бүхэн нотлогдсон учраас Ц.Элбэгдорж эх орондоо ирж чадахгүй байгаа. Одоо хүрч ирээд шалгуулах хэрэгтэй. Монгол Улсын төрийн нууцыг авч яваа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс гадны нутагт амьдарч байж болохгүй. Удахгүй баримтуудыг нь ил болгоно.