ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Нямхүү: Франц иргэнтэй харьцсан иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-15

Шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн франц иргэнтэй ойрын харьцагч болсон гэх Дорноговь аймгийн кэмпээс өчигдөр өглөө ирсэн 54 хүний хариу сөрөг гарсан талаар өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү мэдэгдлээ. Өмнө нь шинжилгээ авсан 215 хүн дээр 54 хүнийг нэмж, нийтдээ 269 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан гэсэн үг юм. Эдгээр хүмүүс халдвар авсан хүнтэй хамгийн ойр байсан хүмүүс. Ойрын харьцагч болсон бүх хүмүүсийг Эрүүл мэндийн яам бусад албаныхантай хамтран илрүүлж, шуурхай хяналтад авч, шинжилгээ хийж дуусчээ. Д.Нямхүү дарга хэлэхдээ “2020 оны гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д гурван хүнийг тусгаарлан тандалт, шинжилгээ хийж байна. 2020 оны гуравдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. 2020 оны гуравдугаар сарын 14-нд Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад нийт 53 хүнийг тусгаарласан. Өнөөдөр БНСУ-аас иру буй онгоцыг яаж хүлээж авч, ирж буй зорчигчдыг хэрхэн эрэмбэлэн ажиллах тухай Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ гээд бүгд ажлаа хуваарилаад авчихсан. Өнөөдрөөс эхлээд чухал ажил эхлэх гэж байна" гэлээ. Мөн вирусээр өвчилсөн франц иргэний биеийн байдал хэвийн байна гэлээ. Гэсэн ч иргэд анхаарал сэрэмжээ бууруулахгүй байхыг зөвлөв.