ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

В.Хосбаяр: Цэргийн баяраар гэмт хэргийн тоо буурсан

Д.ЖАМЪЯНДАГВА (сэтгүүлч)
2020-03-20

Хөл хорионы үеэр  гэмт хэргийн гаралт ямар хэмжээнд байгаа, баярын өдөр цагдаагийн байгууллага хэрхэн ажилласан  талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч В.Хосбаяраас тодрууллаа.

-Хөл хорио тогтоосноос хойш гэмт хэргийн гаралт ямар хэмжээнд байгаа вэ?

-Хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Хөл хорионы үеэр  гудамж талбайд нус, шүлс, цэр хаясан 1821 зөрчил илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авлаа. Мөн хог хаягдлаа ил задгай хаясан, гудамж талбай бохирдуулсан  бол Зөрчлийн тухай хуулийн дагуу  10000 нэгжээр торгох арга хэмжээ авч байна. Гэмт хэргийн гаралтын хувьд энэ оны эхний хоёр сарын байдлаар  өнгөрсөн жилийнхээс буурах хандлагатай байгаа. Энэ нь төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдтэй шууд уялдаатай. Тодруулбал, баар цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоосон, олон нийтээр цуглах арга хэмжээнүүдийг хориглосон зэрэг нь гэмт хэргийн гаралт буурах шалтгаан болсон байх. Жишээ нь өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 18 буюу орчин үеийн зэвсэгт хүчин үүссэний ойн баярын өдөр гэмт хэргийн дуудлага 75 байсан бол энэ жил 64 болж буурсан эерэг үзүүлэлт гарлаа.

-Баярын өдөр ахуйн архи­далтын дуудлага өн­гөр­сөн жилийнхтэй харьцуулахад хэр их ирсэн бэ?

-Цагдаагийн байгууллагын зүгээс өдөр бүр хяналт тавьж ажиллаж байгаа хэдий ч эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 18-ны өдөр 236 байсан бол энэ жил 124-өөр өссөн буюу  387 дуудлага ирсэн. Бидний зүгээс  айл өрх бүрт болж байгаа гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтууралтыг мэдэх боломж байхгүй боловч урьдчилан сэргийлэх ажлуудыг өдөр бүр хийж байгаа.

-Архи, согтууруулах ундаа заруулахгүй байх цагийг хэрхэн өөрчилсөн бэ?

-Засгийн газраас гарсан шийд­вэрийн дагуу баар, цэн­гээ­ний газрын үйл ажиллагааг бүрэн зог­соо­сон. Кафе, рестораны чиг­лэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газрууд мөн хүнс­ний дэл­гүү­рүүдийг 22:00 цаг хүртэл ажил­луулах шийд­вэрийн хэрэг­жилтэд өдөр ту­тамд хяналт  тавьж  ажиллаж бай­гаа. Гэсэн ч иргэд гар дээ­рээс архи, согтууруулах ун­дааг авах бай­дал их гарч бай­на. Гар дээрээс архи сог­туу­руу­лах ундаа худалдсан болон худал­даж авсан иргэдэд Зөрч­лийн тухай хуулийн 5.13 зүйлд заас­ны дагуу Гамшгаас хам­гаа­лах хууль зөрчих буюу гам­шигт аюул үзэгдэл, осол эрс­дэлийн талаар олон нийтийг төөрөлдүүлэх мэдээ мэдээлэл эсвэл хорио цээрийн дэглэмийг зөрчсөн гэж үзэж иргэнийг 150 нэгжээр торгох, хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Уг хуулийн заалтын дагуу арга хэмжээ авч байгаа. Мөн иргэдийн зүгээс гамшиг, халдварт өвчний талаар цахим орчинд худал мэдээлэл тараах асуудал  сүүлийн үед их гарч байна. Энэ тохиолдолд Зөрчлийн хуулийн 6.21-т заасны дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.

-Ахуйн хэрэглээний архи­далт ихсэж байна гэсэн мэдээлэл бий. Үүнд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Архи согтууруулах ундааны төрлийн хэрэглээ их байна гэдэг нь нэг талдаа өрөөсгөл ойлголт юм. Бид согтууруулах ундаа хориглосон үед ахуйн хэрэг­лээний архидан сог­туу­ралт ихсэхээс аль болох сэр­гийлж ажиллаж байгаа. Хаалт­тай хаалганы цаана үйл­дэг­дээд байгаа гэр бүлийн хүчир­хийллийн  гэмт хэргээс урьд­чилан сэргийлэх, ир­гэдийн ханд­лага гэр бүлийн харил­­цаа­­ны соёлыг төлөвшүүлэх чиг­лэ­лээр нөлөөллийн арга хэмжээг энэ хугацаанд авч хэрэгжүүлсэн. Архидан согтууралт их гараад байгаа явдал бол биш. Энэ бол харьцангуй ойлголт. Хорио цээрийн дэглэм тогтоосон үед иргэдийн  дархлааг дэмжих ажлуудыг эрүүл мэндийн салбараас маш сайн зохион байгуулж байгаа. Энэ үүднээс бид ч иргэдээ архи согтууруулах ундаанаас аль болох татгалзаж дархлаагаа дэмжихийг  уриалж байгаа. Ийм учраас иргэд олон нийтийг хорио цээрийн дэглэмийг зөрчихгүйгээр  иргэний үүргээ биелүүлэн гэр бүлээ хайрлаж, тэдэнтэйгээ хамт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийг хүсэж байна. Үүний хүрээнд Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг чиглэлээр “Хайр өвтгөдөггүй” аяныг гуравдугаар сарын 9-өөс өрнүүлж эхэлсэн.