ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-22

Ерөнхийлөгч Х.Баттулга Наурызын баярыг тохиолдуулан казах түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.

Наурыз мейрамы құтты болсын! Наурызын баярын халуун мэндийг казах түмэндээ дэвшүүлье. Урин хаврыг өлзийтэй сайхнаар угтан золгохын ерөөл Наурызын баярыг уламжлал ёсоор тэмдэглэж гэж байгаа казах түмэндээ хандан уриалахад:

Ахан дүүс, айл саахалтаараа уулзан золгож, ахмад настнаа дээдлэн хүндлэх сайхан заншлаа энэ удаа хүлцэн хойшлуулж, технологийн дэвшлийг ашиглан цахим золголт, зайнаас мэндчилгээ дэвшүүлэх зэрэг эрсдлээс сэргийлсэн хэлбэрийг ашиглахыг түмэнтээ хүсье.

Дэлхий даяар тархаж буй титэмт вирусийн  халдвараас настан буурлуудаа хамгаалах нь Та бидний эн тэргүүний үүрэг бөгөөд сахилга баттай, дэг журамтай байдлаа баярын өдрүүдэд ч үргэлжлүүлэхийг мөн уриалж байна.

Наурыз нь эвтэй найртай аж төрөхийн бэлгэдэл, настан буурлуудаа хүндлэх ёсыг үеэс үед уламжлуулан өвлүүлдэг чирэгдэл багатай, хатуу дарсыг цээрлэсэн өвөрмөц баяр болохын хувьд ахмадуудаа муу бүхнээс нийтээрээ өмгөөлөн хамгаалах нь зүйд нийцэх юм.

Ээлт наран наашилж, энх цаг ирж байна.

Эрүүл саруул байхад бид бүгд олон Наурызын баярыг хамтдаа угтан золгож, уулзан баярлах билээ.

Нийт казах иргэддээ Наурызын баярын мэндийг дахин дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.