ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Ширэн нүүрт”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-27

Энэ удаагийн “Сонгож болохгүй сонголт” буландаа УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг онцолж байна.

Өнөөгийн парламентын гишүүд дундаас УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг “Ширэн нүүрт” хэмээн нэрлэж болно. Тэрбээр УИХ-д Дорнод аймгаас хоёр дахь удаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд тойрогтоо хийсэн, бүтээсэн зүйлгүй нэгэн. 2012 онд УИХ-д бие дааж нэр дэвшиж, ялалт байгуулсан түүхтэй. Тэрбээр УИХ-д сонгогдон ажилласан эхний жилдээ “Оюутолгой”-г тойрсон томоохон асуудалд анхаарал хандуулж байгаа нэрийдлээр улстөржүүлж,  олон нийтийн анхаарлын төвд орохын тулд “попор”-дог байлаа. Х.Болорчулуун “Оюутолгой”-н гэрээ байтугай энэ талаарх ойлголт ч байхгүй нэгэн. Харин тухайн үед УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан С.Ганбаатартай нийлж, “Оюутолгой”-н гэрээ болон Дубайн төлөвлөгөөний асуудалд нь хань болж, дөрөө харшуулдаг байв. Түүнээс дангаараа улстөр хийх чадваргүй. Хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдон ажиллаж байгаа атлаа аймгийнхаа хөгжилд, иргэдийнхээ амьдралд огт  анхаардаггүй байна. Харин орон нутгийн хөгжил, иргэдийн амжиргаанаас илүү өөрийнхөө эрх ашигт илүүтэй санаа тавьдаг нэгэн гэж ойлгож болно. Тухайлбал, Дорнод аймагт үнэтэй хаус сүндэрлүүлэхийн зэрэгцээ “Дорнод гурил” ХХК-ийнхаа үйл ажиллагааг өнгөрсөн найман жилийн хугацаанд өнгөлж, тордож иржээ. Өөрийн эрх мэдэл албан тушаалаа ашиглан 2018 онд ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл хүртэж, иргэдийнхээ боломжийг булааж байлаа. Тэрбээр энэхүү үйл­дэлдээ гэм­ших, ичих, айх нь байтугай “ЖДҮХС-гийн зээ­лийг маш их улс төр болгож сэвлээ. Сэвж байгаа хүмүүс нь хэзээ ч хүрз барьж, хөлс гар­гаж үзээгүй цагаан гартай хүмүүс байгаа юм. Монголд ЖДҮ битгий хэл үйлдвэрлэл хөг­жөөгүй шүү дээ. Нуран унасан. М.Энхсайханы Засгийн газрын үед гаалийн татварыг тэглэснээс хойш нуран унасан. Тавхан хувийн гаалийн татвартай Монгол Улсын үйлдвэрлэл хөгжихгүй. ЖДҮ-ээс авсан зээлийнх нь 80, 90 хувь нь зөвхөн худалдаанд явдаг” хэмээн өөрийгөө өмгөөлж, алдааг бусдаас хайж байсан юм. Тэрч бүү хэл “Манайх зөвхөн үйлдвэрийн зориулалтаар зээл авсан.

 


Сонгууль:

• 2012 онд Дорнод аймгаас УИХ-д бие дааж нэр дэвшиж,  сонгогдож байсан. 2016 онд МАН-аас УИХ-д нэр дэвшиж сонгогдсон. 

Албан тушаал:

• 2000-2012 онд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч
• 2012-2016 онд УИХ-ын гишүүн 
• 2016-2020 онд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга


 

Одоогоор талх, гурил үйлдвэрлээд явж байна. Арилжааны банкны зээлийн хүү өндөр. Ургац алдаж, хүүгийн дарамтад ороод яах аргагүй жижиг, дунд үйлдвэрийн зээлд хамрагдсан. Зээлээ хугацаанд нь төлж байгаа” гэсэн тайлбарыг хүртэл өгч байв. Эрх мэдэлд хүрсэн, бизнесийн орон зайд өөрийнхөө ноёрхлыг тогтоосон УИХ-ын гишүүн Х.Болорчулуунд арилжааны банкны хүү дарамт болж байгаа бол бусад жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа өндийхгүй, өөд­лөхгүй байгаа нь аргагүй биз. Тэд  жилийн гурван хувийн хүүтэй зориу­лал­тын сангаасаа зээлээ хүртэж, чадахгүй арилжааны банкны хүүнд дарлуулж, үйл ажиллагаа нь өргөжин тэлэхгүй нь  нэгэнт  ойлгомжтой. Гэтэл эрх мэдэл, албан тушаалаараа бусдыг  өмнүүр дайрч, өрөөлийн боломжийг хулгайлсан эрхэм гишүүн Х.Болорчулуун иргэдээсээ, үйлдвэрлэгчдээсээ, сонгогч­доосоо уучлал эрсэнгүй. Харин ч өөрийгөө зөвтгөн чуулганы индэр дээрээс том дуугарч, бусдын боломжийг хулгайлсандаа эрдэж байлаа. Түүний авсан 950 сая төгрөгөөр хамгийн багадаа 10-13 үйлдвэр санхүүжилт болгон авахын зэрэгцээ үйл ажиллагаа болон бизнесээ өргөжүүлэх боломжтой байв. Энэ хэрээр ажлын байр бий болгож, багадаа л 100 хүн тогтмол ажлын байртай болж, Монгол Улсад хэд хэдэн үндэсний үйлдвэр дахин сэргэх байсан юм. Гэвч, иргэдийн боломж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилго эрх мэдэл, албан тушаалын өмнө сөгдсөн нь энд юм. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг Дорнод аймаг нутгийн иргэд 2020 оны сонгуульд дэмжихгүй, санал өгөхгүй байх уриалгыг энэхүү нийтлэлээрээ дамжуулан хүргэж байна. Цаашид, эрх мэдэл, албан тушаалдаа эрдчихсэн бусдын боломжийг булаадаг улстөрч нэртэй “ширэн нүүрт”-нүүдийг сонгохгүй байхыг сануулж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилсан хуулийн төслийн талаар сонирхоход тодорхой мэдээлэл гарч ирээгүй бөгөөд хамгийн сүүлд “Сэрвээний хууль” өргөн барьж, уяачдыг багагүй бухимдуулаад авсан. Энэхүү хуулийн төсөлд  орж ажилласан гишүүд хэл амнаас айж, нэг, хоёроороо ажлын хэсгээс цуварч гарсаар хамгийн сүүлд түүний нуруун дээр бүх зүйл үлдсэн. Эцэст нь түүний хэл ам дагуулсан хуулийн төслийг УИХ хүлээж аваагүй бөгөөд монгол адууг улсын наадамд уралдуулах аргагүй болно хэмээн үзэж, хүчингүй болгосон юм.