ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар: Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд таван их наяд төгрөг шаардлагатай

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-27

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

-Монгол Улсын төсөв одоогоор 275 тэрбум төгрөгөөр дутуу байна.  Өнөөдөр танилцуулсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай таван их наяд төгрөгийг Засгийн газар Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх замаар шийднэ. Өнгөрсөн гурван жилд санхүүгийн сахилга баттай байж, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулж, 8.2 их наяд төгрөгийн өрийг нугалсан шүү дээ. Үүнд тулгуурлаад одоо байгаа мөнгөн хөрөнгөөр шийдэх боломжтой. Засгийн газар эдийн засагт нэлээд мөнгө хийхээр болж байна. Инфляц, ханшид нөлөөлөх үү гэж санаа зовж байх шиг байна. Өнөөгийн нөхцөлд ард иргэдийнхээ амьдралыг дордуулахгүй байх, бэрхшээлийг нимгэлэх чиглэлээр ийм арга хэмжээг авч байгаа тул өсөлтийн үеийнх шиг инфляцад нөлөөлөхгүй. Засгийн эрх авахад гадаад валютын нөөц тэрбум ам.доллар байсан бол 4.2 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Ийм үед л ашиглах гэж нөөцтэй байдаг. Валютын ханшид нөлөө орохгүй гэдэгт итгэж болно. Дэлхийн эдийн засаг ямар байх нь вэ, БНХАУ-ын эдийн засаг яаж хөгжих вэ гэдгийг харж байж Засгийн газар бодлогын арга хэмжээгээ авдаг. Өнөөдөр бид гадаадын олон орны бодлогыг судалж, худалдааны гол түншийнхээ эдийн засгийн бодлоготой уялдуулж ийнхүү арга хэмжээ авахаар арга хэмжээгээ танилцуулж байна. Ийм хямралтай үед урьд өмнөх шигээ алдаа гаргах эрх байхгүй. Долоо хэмжиж нэг огтол гэсэн зарчмаар ажиллаж байна.  Ирэх жил бид 2.9 тэрбум ам.доллартай тэцэх дөрвөн бондын төлбөр хийнэ. Монгол Улсын үнэт цаас бондын үнэ 15-25 хувиар унасан байгаа. Тэгэхээр холбогдох гэрээ хэлцлүүдийг зарим байгууллагуудтай 2019 оны дунд үеэс хийсэн яриа хэлцлүүд үргэлжилж байгаа. Засгийн газрын хувьд 2.9 тэрбум ам.долларын өрийг ирэх жил хугацаанд нь төлж дуусгана.