ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

А.Амбасэлмаа: Манай улсад хамар загатнах, битүүрэх байдлаар СOVID-ын шинж тэмдэг илэрч байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-28

Манай улсад гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн коронавирусийн тохиолдол ням гарагийн байдлаар 12 боллоо. Өчигдөр буюу ням гарагт бүртгэгдсэн тохиолдол Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс илэрсэн юм. Тэгвэл коронавирусийн халдвар манай улсад ямар шинж тэмдгээр илэрч байгаа болон  бусад цаг үеийн асуудлаар   ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа.

-Дэлхий дахиныг харж байхад орон бүрт  өөр болж, өдрөөс өдөрт эмнэлзүйн шинж тэмдэг нь өөрчлөгдөж байна. Манай улсад бүртгэгдсэн 12 тохиолдлын эмнэлзүйн шинж тэмдэгт ямар өвөрмөц зүйл таньд  ажиглагдсан бэ?

-Тусгай үүргийн онгоцоор ирсэн 1000 гаруй зорчигчдыг  бүгдийг нь хяналтдаа авч тусгаарласан. ХӨСҮТ-д  батлагдсан 12 тохиолдлын эмнэлзүй,  тархвар зүйн бүх тандалт судалгааны дүгнэлтийг гаргаж эхлээд  байна. Ирсэн зорчигчид хаагуур явсан, хаанаас халдвар авсан байж болох, хэд хонож тухайн хүний шинж тэмдэг илэрч байна вэ гэдэг нарийн судалгааг гаргадаг. Ингээд харахад 12 хүний зарим нь нэг, хоёр хоногийн дараа, зарим нь 10 гаруй хоногийн дараа шинж тэмдэг илрэх байдал ажиглагдлаа. Эдгээр хүмүүст илэрч буй гол шинж тэмдэг нь ихэвчлэн хамар битүүрэх, хамар загатнах, толгой өвдөх, бие сульдаж ядрах, зарим нь хоолой өвдөж, бие арзайх, дотор муухайрах гэсэн шинж тэмдэг илэрч байна. Манай улсын хувьд халуурах нь эхний шинж тэмдэг биш гэдэг нь ажиглагдсан. Тэгээд 2-3 хоногийн дараа 37, 38 хүртэхтэй үгүйтэй халуурч  байна. Хамар загатнаж, битүүрэхэд харшил хөдөлсөн мэтээр ойлголж, шинж тэмдгээ анзаарахгүй байгаа.

-Өвчтөний клиникийн явц ямар байгаа вэ?

-Манай иргэд хөнгөн хэлбэрийн ханиадыг  өөрсдөө гэрийн аргаар эмчилдэг, дур мэдэн эм ууснаасаа болж хүндрүүлэх эрсдэл гарах вий гэсэн болгоомж бий. Өвчилсөн өвчлөлийн клиникийн явц их удаан байгаа нь ажиглагдсан. Бараг нэг сар орчим эмчийн хяналтад байх шаардлагатай. Хүн эмнэлзүйн шинж тэмдэгтэй байх хугацаандаа халдварыг тараадаг. Тиймээс бидний ажиглалт, тандалтын хугацаа цаад тал нь л гэхэд сар  болж байгаа учраас ажиглалтын хугацааг 21 хоног болгож байгаа нь халдвар судлаач хүнийхээ хувьд зөв гэж үзсэн. Бусад Улаан-Үүд, Баян-Өлгийн боомтуудаар орж ирж буй иргэд дээрх шиг  хөнгөн  шинж тэмдэг илэрвэл эмчид маш яаралтай хандах хэрэгтэй. Мөн  гадагшаа явсан иргэдтэй уулзсан иргэдэд иймэрхүү шинж тэмдэг илэрвэл мөн л  эмнэлгийн байгууллагад хандаж, өөрийгөө тусгаарлаарай гэж хэлмээр байна.
 

-Дэлхийн улс орнуудад шинж тэмдэг өвөрмөц байгааг хэлсэн. Тухайлбал, Япон улсад гарсан судалгааны материалыг харахад хамар нь битүүрч,  амтлах, үнэрлэх чадвар нь алдагдаж байна гэсэн судалгаа байсан шүү дээ. Мөн Буриад улсад 14 хоногийн дараа шинж тэмдэг илэрлээ. Манай улсад илэрч буй тохиолдол хэддэх шинжилгээгээр илэрсэн бэ?

-Бид хүмүүсээ тусгаарлалтад  авмагцаа шинжилгээ авдаггүй, эхлээд ажигладаг. Алийг нь илүү ажиглах,  алийг нь хэд хоногийн дараа авах вэ гэх мэтчилэн халдвар судлалын нарийн тандалт судалгааг үндэслэдэг.  Саяны шинжилгээ авсан хүмүүс нууц үеийн төгсгөл, эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн  илрэх үед нь олж чадсан.  Энэ нь тухайн хүний цаашдын өвчний явцад их ач холбогдолтой. Гэхдээ бид зүгээр байна гэхгүйгээр, давтан шинжилгээгээр шинжилж, эрсдэлтэй бүлгээ олж байгаа гэсэн үг.