ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Covid-19: АНУ-д өдөрт 25 мянган шинэ тохиолдол бүртгэгдлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-03

Өнөөдөр өглөө /04.03/-ний байдлаар covid-19 вирусийн өвчлөл 1.011.1 мянгад хүрч, нэг сая хүн ам өвчиллөө. Хамгийн их халдвар тархсан орнуудын жагсаалтаас БНХАУ хасагдаж, харин АНУ, Итали, Испани зэрэг улс орнууд тэргүүлж эхэлжээ. АНУ-д гэхэд л өдөрт 25 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 242.8 мянган хүн буюу нийт халдварын 24 хувь нь тус улсад бүртгэгдсэн учраас АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп яаралтай арга хэмжээ авах шийдэлд хүрчээ. Өчигдрийн байдлаар тус улсад 703 хүн нас барж, нийт нас баралт 5.8 мянгад хүрчээ.

Тус улсад ажилгүйчүүдийн тоо 6.6 саяд хүрч байгааг өчигдөр мэдэгдсэн. Халдварын улмаас хөл хорио тогтоож, нийт хүн амын 90 хувь нь гэртээ хөл хорионд хамрагдаад байгаа юм. Тиймээс Цагаан Ордонд Ерөнхийлөгч Д.Трамп болон Халдварт өвчинтэй тэмцэх байгууллагын албаны хүмүүс мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ.  

Тэрбээр, “Дэлхий нийтээр халдварын тохиолдол оргилдоо хүрэх цаг болоогүй байна. Ойрын 2-3 сард дэлхий нийтээр үүний дотор Европ, АНУ-д нөхцөл байдал хүнд байх төлөвтэй. Амны хаалт хүрэлцээгүй байгаа тул хамгийн их халдвар тархаад буй Калифорния, Нью-Йорк мужид иргэдийг заавал амны хаалт гэлгүй боломжтой зүйлээр амны хаалтыг орлуулан хэрэглэх, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад амны хаалтыг түлхүү хүргэх шаардлагатай байна” хэмээжээ. Харин Итали улсад өчигдрийн байдлаар 760 хүн нас барж, шинээр 4668 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол, Франц улсад 1335 хүн буюу нэг шөнийн дотор хамгийн их хүн нас барсан улсаар нэрлэгдлээ.

Энэ вирусээр дэлхий дахинд 1,015.4 мянган хүн өвчилж, 53.2 мянган хүн нас барж,  одоо эмчлүүлж буй нийт хүний тоо 750,0 мянгад хүрчээ. Улс орнуудад халдварын тархалт нэмэгдэхийн хирээр 100-аас дээш тохиолдол бүртгэгдсэн орны тоо нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, Камбож, Киргиз улсын тохиолдлын 100-г давав.. 100-гаас доош тохиолдол бүхий улс орны тоо 86-88-ын хооронд байна.