ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Авлига авсан гэх татварын байцаагчийг баривчилжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-03

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргаар ажиллаж байсан Б.Батсүхийг АТГ-аас өчигдөр баривчилсан талаар мэдээлэл цацагдаж эхэллээ. Түүнийг 48 цагаар саатуулах бөгөөд гэрт нь нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хураажээ.

Тодруулбал, 85 сая төгрөг болон 10 мянган ам.долларыг хураан авсан аж. Б.Батсүх гэгч нь аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдийг дарамталж авлига авсан байж болзошгүй бөгөөд хойшлуулашгүй ажиллагаа явуулах нотлох баримт бүрдсэн бололтой. АТГ-аас энэ мэдээллийг үгүйсгээгүй байна. Б.Батсүх гэгч нь энэ оны хоёрдугаар сард Татварын хяналт шалгалтын тасгийн даргаар ажиллаж байгаад албан үүргээ хүлээлгэн өгсөн байжээ.