ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сайншанд, Замын-Үүдэд эмнэлэг барих хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахыг даалгалаа

O.Admin
2018-06-27

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 21-22-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажилласан. Орон нутгийн удирдлага, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн Сайншанд суманд баригдаж байгаа 50 ортой төрөх эмнэлэг, Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгыг барьж дуусгахад шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгав.

Мөн Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаас Өргөн сум хүртэлх 18 км замыг үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулах, Сайншанд-Хамарын хийд чиглэлийн замаас Ханбаянхайрхан хүртэл 6.8 км хатуу хучилттай зам тавихыг судалж шийдвэрлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд үүрэг болголоо.

Аймгийн төвийн дулааны станцын хоёр зуухыг шинэчлэх, Замын-Үүд сумын Соёл, спортын төвийн барилгад дутагдаж байгаа хөрөнгийн эх үүсвэрийг ирэх оны төсөвт тусгахаар болов.