ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ШӨХТГ ичиг, ичиг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-20

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хэмээх байгууллагын үйл ажиллагааны чиг үүрэг нь жирийн хэрэглэгчид эрх ашгаа хамгаалуулах явдал юм. Нөгөө талаасаа үйлчилгээ эрхэлж буй хувийн болон төрийн байгууллагууд нийгэмд шударгаар өрсөлдөх боломжийг зохицуулж өгдөг улсын томоохон байгууллага гэж иргэд ойлгодог.

Мөн иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт хийх үүрэгтэй. Нэрнээс нь уншихад л ойлгомжтой энэ байгууллага ажлаа шударгаар хийж байна уу гэвэл өрөөсгөл. Аливаа хяналт шалгалт явуулдаг байгууллагад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт гэж бий. Төлөвлөгөөт гэдэг нь шалгах гэж буй албан байгууллагадаа урьдчилан мэдэгдэж байж шалгалт хийдэг бол төлөвлөгөөт бус гэдэг нь гэнэтийн шалгалтыг хэлж байгаа юм.

Гэтэл өнөөдөр тус газраас хэвлэлийнхэнийг дуудаж, маргааш шатахуун импортлогч байгууллагуудад иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу шалгалт хийхээр болсноо зарлав. Шатахууны үнэ энэ сарын 13-ны өдрөөс эхлэн буурсан ч чанарын шаардлага хангахгүй, АИ92 нь АИ80 бензиний дайтай зарцуулагдаж байна гэж олон нийт шүүмжилж буй юм.

Тиймээс шалгалт хийх ёстой бол гэнэтийн байдлаар л шалгаж байж энэ бүх булхайг илчилнэ. Гэтэл бид очиж шалгана гэж мэдэгдчихээр Шатахуун түгээх станциуд түүнийг нь сонсоод алгаа хавсран баярлаж суугаа нь дамжиггүй биз. Аргагүй шүү дээ. Шалгана шүү гэж зарлачихаад очиход шалгалтад 100 хувь бэлдэлгүй яах вэ. Өнөөдөр магадгүй чанаргүй, октан багатай шатахуун борлуулж байсан импортлогчид маргааш дарга нарыг шалгахаар очиход чанартай шатахуунаа юүлчихээд чанартайг нь хийчихээд сууж байх ч юм билүү хэн мэдлээ.

Шалгалтдаа тэнцсэн импортлогчид төд удалгүй нөгөө л муу шатахуунаа нийлүүлж эхэлвэл иргэд л хохирно. Ажил хийж байгаа мэт олон нийтэд харагдах гэж хичээж байхаар чимээгүй очиж шалгачихаад зарлах нь нийгэмд тустай гэдгийг байгаа, үгүй нь мэдэгдэхгүй дөрвөн жил суудал бөглөсөн О.Лхагва гэдэг хүнд хэлж өгөхсөн.

Нөгөө талаас шатахууны үнэ буурчихаад байхад яагаад таксины километр тутмын үнэ, бусад бараа бүтээгдэхүүний үнэ буурахгүй байгааг шалгаж, шаардлагатай гэвэл торгох ёстой байтал чиглэл өгнө хэмээн “нохойтож” суугаа нь эмгэнэлтэй.

Шатахууны үнэ нэмэгдэх сургаар тэд аливаа бараа бүтээгдэхүүний үнээ дураараа нэмдэг атлаа, өнөөдөр АИ92 шатахууны үнэ 1490 болчихоод байхад буурахгүй байгаа. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг хаана хэнд үйлчилж байгаа вэ, ШӨХТГ-ын дарга аа. "Амны хаалт нэмж зарсан эмийн сангуудыг хаана, хариуцлага тооцно" гэж байсан нь ч худал болсон. Эмийн сангууд үнээ нэмсээр, саяхнаас үнэ нь бага зэрэг тогтворжлоо. Торгууль төлсөн нэг ч газар алга. Ажлаа хийсэн шиг хийж, шударга ёсоо өөрсдөө хэрэгжүүлмээр байх юм. Зарлаад хийдэг шалгалт ч гэж юу байх билээ.