ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Угаасан нүүрснээс жилд хоёр тэрбум гаруй ам.долларын орлого олно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-28

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Тухайлбал, саарал усыг дахин цэвэршүүлж, говийн бүсийн хэрэгцээнд нийлүүлж, “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны замын концессийн хугацааг сунгасан юм. Мөн “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлаж, удахгүй улсын их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан хурдан морины бүсийн уралдааны хуваарийг тогтоов. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэж байна. 

Саарал усыг дахин цэвэршүүлж, хэрэгцээнд нийлүүлнэ

“Сонгино-говь усан хангамжийн төсөл”-ийг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр концессоор хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ төсөл нь Төв цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг стандартын дагуу дахин цэвэршүүлж, говийн бүсийн хэрэглэгчдийг үйлдвэр, техникийн ус /хоногт 200 мянган м.куб/-аар хангаж, 50 мянган м.куб-ыг станцад нийлүүлэх зорилготой юм. Ингэснээр бүс нутгийн газрын доорх усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, усны нөөцөө хэмнэх, үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах, ногоон бүс, хиймэл нуур, цөөрөм байгуулан хүн амын амьдрах таатай орчныг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байна. Урьдчилсан тойм судалгаагаар саарал усаар Тавантолгойн нүүрсийг угааж, экспортод гаргаснаар нэг тонн нүүрснээс 50-60 хүртэл ам.долларын ашиг олох боломжтой. Ингэснээр жилд хоёр тэрбум гаруй ам.долларын орлого олно гэж тооцоолсон аж. 

Хурдны замын концессын хугацааг сунгав

Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны замын концессын хугацааг сунгасан юм. Концесс эзэмшигч байсан “Чингис лэнд деволепмент-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэнд гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл биелүүлэх хугацааг зургаа  хүртэлх сараар сунгалаа. Концесс эзэмшигч дээрх хугацаанд үүргээ биелүүлээгүй бол Засгийн газар гэрээг үл маргах журмаар цуцлах, нөхөн олговор, алдагдал, олох ёстой байсан ашиг зэргийг хариуцахгүй байхыг нэмж тусгах юм. “Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал”, “Майдар хот”, “Аэро сити”, “Тээвэр ложистикийн төв”, “Богдхан төмөр зам” зэрэг бусад төсөлтэй холбоотой 97 км гаруй хэсгийн авто замын трасс тодорхойгүй, трасстай давхцаж байгаа болон давхцаж болзошгүй газар байдаг. Энд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн, өмчлүүлсэн газрын асуудлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхээр болов.