ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баттулга: Хүүхэд хамгааллын төсвөө нэмэхийг даалгаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-28

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн юм. Хаврын чуулган маргааш эхлэх учраас тэрбээр үг хэлэхээр орж ирсэн нь энэ юм.

Ерөнхийлөгч “Би хоёр зүйлийг чухалчилж хэлмээр байна. Эхлээд хариуцлагагүй хүмүүсийн үйлдлээс болж амиа алдсан хүүхдүүдийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Төрөөс хүүхэд хамгааллын чиглэлд дорвитой ажил хийхгүй байгаагаас үүдэлтэй.

Хариуцлагагүй байдлыг арилгах, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг хэрхэн бууруулж буй талаараа хичээлийн шинэ жил эхэлснээс хойш надад тайлагнаарай. Мөн хүүхэд гэмт хэрэгт өртөж буй цэгүүдийг камержуулж, хүүхэд хамгааллын чиглэлээр зарцуулах төсвөө нэмэхийг даалгаж байна. Мөн 60 тэрбумын асуудлаар хэлэлцээд УИХ-аа завсарлуулаарай. "Вашингтон пост" сонинд хүртэл энэ талаар гарсан байна. Бидний асуудал дотоодоос халиад гадаадад хүртэл яригдаж эхэллээ. Нээлттэй сонсгол хийхийг дэмжиж 19 гишүүн гарын үсэг зурсан гэж сонссон” гэсэн юм.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Цахим бодлогын түр хороог байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Энэхүү түр хороог УИХ-ын гишүүн Н.Учрал удирдах бөгөөд УИХ-ын гишүүн Л.Болд, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Б.Баттөмөр тэргүүтэй 26 гишүүн түр хороонд харьяалагдах юм байна.