ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: 60 тэрбумаар сонсгол хийх боломжтой боллоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-28

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ АТГ-т ТЕГ-ын дарга асан Б.Хурцын асуудлаар тайлбар өгөөд гарч ирсний дараа мэдээлэл хийж УИХ-ын даргыг огцрохыг шаардсан. Тэрбээр, “60 тэрбум бол хүлээн зөвшөөрч боломгүй асуудал. Би УИХ-ын даргыг хариуцлагаа хүлээж огцрох хүртэл УИХ-ын чуулганд суухгүй” хэмээн мэдэгдэж байв.

Мөн 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд нийт 19 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-д өргөн барих боломжтой болдог. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва түүний нээлттэй сонсгол хийх бичигт гарын үсэг зурснаар 19 гишүүний гарын үсэг бүрджээ. Ингэснээр нээлттэй сонсгол явуулах албан бичгээ УИХ-ын даргад өргөн барих гэж байна.

15.00 цагийн орчимд гарын үсэг зурсан албан бичгээ УИХ-ын даргад өгөхөөр хэвлэлийн хурал зарласан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, 16.00 цагаас өргөн барьж магадгүй юм байна. Дашрамд дуулгахад, өчигдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр 60 тэрбумын гол зохион байгуулагч хэмээн яригдаж буй М.Энхболд дарга “Намын даргын албан тушаалд сууснаас хойш нэг ч удаа төрийн албан тушаалыг мөнгөөр арилжаагүй гэдгээ мэдэгдэж байна. Надад байсан баримтуудаа Л.Оюун-Эрдэнэ гишүүнд өгсөн” гэсэн юм.