ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Тойргийн тандалт: “Цоо шинэ 76”

А.ОДСҮРЭН
2020-05-25

Монголчууд бүх нийтийн ардчилсан сонгуульд найм дахь удаагаа оролцож, ээлжит УИХ-ын гишүүдээ сонгох гэж байна. УИХ-д нэр дэвшигчдийн жагсаалтад өнөөдрийн байдлаар 19 нам, эвслээс 522 нэр дэвшигч бичигдсэн байна. Сонгууль болдгоороо болно, сонгуулийн дүн гардгаараа гарна. Харин сонголт хэр мэргэн байх нь сонгогчдоос өөрсдөөс нь шалтгаална. Дөрвөн жилийн давтамжтай сонгуулийн жилийн санал хураалтын өдрийн өмнөхөн нам, эвслүүд, улстөрчид нэгнээ газар дор ортол муулж, элдэв хэл ам хэрүүл тэмцэл, нууц бичлэгээс эхлээд нууц амраг, ижий аав, эхнэр хүүхдээр нь оролдох хар технологи идэвхжиж, бүх нийтээрээ талцан хэрэлдэж эхэлнэ. Сонгуулийн санал хураалт дуусан дуустал ил далд “зодолдоно”.  Найзууд муудалцаж, гэр бүлийн доторхи уур амьсгал ч хүйтрээд ирнэ.  Гэхдээ л амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ.

Ардын нам, Ардчилсан намын хооронд гол төлөв болдог сонгуулийн “зодоон” аль нэг намын үнэмлэхүй ялалтаар дуусах нь ч бий, аль аль нь хамтарсан Засгийн газар байгуулахуйц хэмжээний адил тэнцүү суудал авах нь ч бий. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг харахад шинэ залуу улстөрчид дийлэнх олонхи нь байгаа бол УИХ-д наймантаа суусан ахмадууд ч цөөнгүй байна. Олон нийт энэ удаагийн сонгуульд ахмад туршлагатай гэж харахаасаа илүү шинэ залуу улстөрчдийг дэмжих, сонгохоор сонголтоо хийж эхэлсэн нь анхаарал татаж буй юм.

МАН-ын хувьд ЖДҮХС-гаас зээл авсан, бусдад зээл авахад нь нөлөөлсөн гэх Г.Занданшатар, Б.Саранчимэг, Б.Энх-Амгалан, Н.Энхболд, Х.Болорчулуун, Л.Энх-Амгалан нарын 29 гишүүн нэр дэвшээд байгаа бол , 60 тэрбумын бүлэглэлийнхэн буюу концессчид гэгдэх Сү.Батболд, Ж.Мөнхбат, Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нарт дахин УИХ-ын гишүүн болох боломж олгосонд ард иргэд эгдүүцэж эхэлсэн. Ардчилсан намын тухайд ч ялгаагүй. Шүүхэд яллагдагчаар татагдсан хэд хэдэн хүн нэр дэвшчихсэн нь Ардын намаас дутахааргүй хэл ам таталж эхэлсэн. Эгч дүүс, эхнэр нөхөр, хүү хүргэдүүдэд боломж олгосон нь намын даргаас эхлээд шүүхээр хэрэг нь хэлэлцэгдэж байгаа хүмүүс нэр дэвшсэн нь бүр ч эвгүйтэж мэдэхээр нөхцөл байдлыг үүсгээд байна.

Олны яриа ортой ч байж мэднэ. Шинэ залуу улстөрчдөд боломж олгоод үзэхэд гэмгүй. Энэ удаагийн парламентад нэг ч хуучин гишүүнийг сонгохгүй байя гэх уриалга ч олон нийтийн сүлжээнд яваад эхэлчихэж. Тийм ээ, дэмжүүштэй санал. Д.Лүндээжанцан гишүүн найман удаа гэхээр 32 жил парламентад суусан. Түүний араас Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл хоёр долоон удаа буюу 28 жил, Ч.Улаан зургаан удаа буюу 24 жил, Н.Энхболд, Ө.Энхтүвшин хоёр таван удаа буюу 20 жил, Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд нар дөрвөн удаа буюу 16 жил УИХ-ын танхимд суужээ. Яг хэн нь юу хийж гийгүүлснийг уншигчид өөр өөрсдийнхөөрөө тунгааж буй. Эд бүгд шахуу УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажилласан. Сүүлийн 30 жилд улс орны хөгжилд эд яаж нөлөөлөв, ямар ажил хийв, юу хийж бүтээв. Амаараа голдуу ажилласан, хэн ч маргахгүй.

Тэгвэл энэ удаагийн УИХ-д заавал байх залуу “фигур”-үүдээс нэрлээд үзье.

П.Галиндэв

УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшиж буй Пүрэвдоржийн Галиндэв бол УИХ-д байх ёстой залуу улстөрч гэж харагддаг. Намынхаа удирдлагуудад зүй ёсны шаардлага тавьж, намынхаа ҮЗХ-ны хурлаас хөөгдөж байснаар нь түүнийг хэн бэ гэж хэлж болохоор. Хэнд ч бууж өгөлгүйгээр үзэл бодлоо тууштай хамгаалдаг зан чанарт нь “like” дармаар.

 

Б.Түвшин

АН-аас нэр дэвшигч Банзрагчийн Түвшин нь нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. 1997 оноос эхлэн хувийн хэвшилд ажлын гараагаа эхэлсэн. 2008 оноос эхлэн улс төрд идэвхтэй оролцож, Хан-Уул дүүргээс ИТХ-д сонгогдсон. Монгол Улсын топ санхүүч, шилдэг нягтлан бодогчоор удаа дараа өргөмжлөгдсөн. Мөн Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийг удирддаг.

 

С.Амарсайхан

Нийслэлийн Засаг даргаар ажиллах хугацаандаа хууль бус олон газар олголтыг цуцалсан. Тэр тусмаа төв талбайг тойрсон газрын наймааг ил гаргав. Улаанбаатар хотыг утаанаас салгах ажилд гар бие оролцож, зоригтой олон шийдэл гаргаснаар хотын утаа 50 хувиар буурсан нь мөн түүний амжилт. Мөн Налайх-Улаанбаатар чиглэлийн автозамын ажлыг өвөл, зунгүй "сахиж" зогссоор ашиглалтад оруулсан билээ. Жил гаруйн хугацаанд ажиллахдаа явган хүний орц гарцыг чөлөөлөх, зогсоолын бизнес хийж байсан асуудал зэрэг олон асуудлыг шийджээ.

 

Н.Пунцаг

Ховд аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Нэргүйн Пунцаг ч УИХ-д байх ёстой нэгэн. Ховдынхондоо үйлчилгээний ажилтнуудын “Хүнлэг үйлстэн” холбоогоороо танил болсон юм билээ. Хийсэн бүтээснийг минь хүнд битгий яриарай, цааш нь битгий дамжуулаарай гэх сэтгэлтэйд нь Ховдын цэнхэр хязгаарынхан парламентч Б.Пүрэвдоржоос илүү хайртай байдгийг нь мэдсэн. Эрхээ эдэлж мэдэхээс үүргээ биелүүлж, ухамсарлах нь төрийн хүний үүрэг гэж Н.Пунцаг ярьдаг аж.

 

Х.Булгантуяа

Тэр МАН-ын эмэгтэй лидер. АНУ, БНХАУ-д боловсрол эзэмшсэн, гурван хэлээр чөлөөтэй ярьдаг өндөр боловсролтой. Сангийн Дэд сайдаар ажиллаж байсан хугацаандаа төсвийн сахилга батыг бий болгосон. Дөрвөн жилийн хугацаанд нэг ч удаа төсөв тодотгохгүйгээр батлах ажлыг багаараа хийж чадсан. Шинэ залуу боловсон хүчин, шинэ үеийн шилдэг төлөөлөл.

 

Р.Булгамаа

Хүний эрхийн хуульч, хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг зогсч чаддаг эмэгтэй. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө тэр их зүйлийг хийж чадна. Хууль эрхзүйн орчныг нь боловсронгуй болгоход парламент дотор нь орж ажиллах нь түүнд биш Монголын эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хэрэгтэй учраас түүнийг сонгохгүй байж болохгүй санагддаг.

П.Нүрзэд

Баянхонгор аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа энэ залуу улстөрч Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажилладаг гэхээр хэр бэлтгэгдсэн нь мэдэгдэнэ. Монгол хэл судлалаар мэргэшсэн, хөдөлмөр халамж үйлчилгээний салбарт ажиллаж байсан, АН-ын шинэчлэлд ч үүрэг рольтой оролцож байсан болохоор намдаа ийн үнэлэгдсэн хэрэг. Баянхонгорчуудын сонголт хууччуул биш шинэ залуу хүн байна гэдэгт итгэх л үлдлээ.

 

Э.Долгион

Монголын өдөр тутмын сонины холбооны Ерөнхийлөгч Э.Долгион боловсрол мэдлэгээрээ Монголын шилдэг сэхээтэн залуусын нэг. Худалдаа хөгжлийн банкных гэж харагддаг ч гэлээ сэтгүүлзүйн салбарыг эрүүл байх ёстой, залуус сурч боловсрох хэрэгтэй гэдгийг тэр үргэлж ярьдаг нэгэн. Банкны гэхээсээ илүү Блүүмбэргийн гэдгээрээ сүүлийн үед нэлээд олны танил болсон Э.Долгион яаж ч бодсон Ц.Мөнх-Оргилоос илүү л байж таарах байх. Мөн түүнийг хүмүүс сэтгүүлзүйн салбарт илүү ажиллаж байснаар нь мэддэг бол Э.Долгион нь мэргэжлийн эдийн засагч. Тиймдээ ч сэтгүүлзүйн салбарт дан эдийн засгийн төрлөөр дагнан бичдэг өдөр тутмын сонин ажиллуулж байгаа нь ихээхэн таалагдаж байгаа билээ. 

 

Н.Ганибал

Сүхбаатар аймагт АН-аас нэр дэвшигч Н.Ганибал аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурьтай дөрөө харшин сонгуульд оролцох юм билээ. Сүхбаатарчууд тэр хоёрт итгэл хүлээлгэх нь бараг л тодорхой юм билээ. Ч.Улаан хэдэн ч жил сүхбаатарчуудын сонголтоор УИХ-д суув. Түүнд аймагтаа юм хийж гийгүүлсэн гэхээсээ илүү ойр тойрныхноо “бөмбийлгөсөн” гэх сүүдэр дагалдаж яваа.

 

Л.Одсэр:

Орон даяар хэдийнэ хэрэгжих эхлэлээ тавьчихсан, АН-ын мөрийн хөтөлбөрт гол заалт болж орсон “Чинээлэг малчин” ТББ-ын тэргүүн гэдгээр нь мэднэ. Говьсүмбэр аймагт Засаг даргаар ажиллаж байхдаа боловсрол дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн, мөн аймгаа бүрэн гэрэлтүүлж, Чойр хотод мод тарих том ажлыг эхлүүлж байсан. Түүний санаачилсан хөтөлбөр малчдад маш их таалагдаж, олон аймагт салбар зөвлөл нь байгуулагджээ.

...Энэ мэтээр нам, намын залуухан улстөрчдөөс энэ удаагийн парламентаа бүрдүүлж, цоо шинэ 76-тай болчихвол ярих юмтай, мөлжих мөлжүүртэй байж мэдэх л юм. Алийн болгон хуучин бууны хугархайнуудыг сонгож, сонголтондоо харамсч, халаглаж, харааж зүхэж суух вэ. Шинэ залуус, шинэ парламентыг энэ удаа сонгоод үзье. Цоо шинэ 76 гишүүн, цоо шинэ парламент бүрдвэл...