ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“ШИНЭ”-үүд л юм бол шинээр сэтгэе, Л.Болд гишүүн ээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-25

Улс төрийн зарим нам, тэр тусмаа башир аргаар мэргэшсэн улстөрчдөөс сонгуулийн үеэр элдэв янзын л хор хутгасан, хутган үймүүлсэн, өрсөлдөгчөө гутаан доромжилсон увайгүй үйлдэл гардаг.

Тэр дундаас хамгийн хоцрогдсон арга барил бол өрсөлдөгчтэйгөө ижилхэн нэртэй нэгнийг олж нэр дэвшүүлэх явдал. Аль 12 жилийн өмнө хэрэглэж байсан энэ башир аргыг зарим нэг хүмүүс өрсөлдөгчийнхөө эсрэг өнөө хэр хэрэглэсээр байгаа бололтой. Тухайлбал, МАХН, ИЗНН-ын хамтарсан “Та бидний эвсэл” Сэлэнгэ аймагт Ш.Эрдэнэбат гэх нэр дэвшигчийг явуулжээ.

Тус тойрогт АН-аас бүлгийн дарга Д.Эрдэнэбат бий. Харин МАН-аас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат байгаа. Тэгэхээр Сэлэнгийн ард түмнийг эдгээр нэр дэвшигчдийн дунд төөрөлдөнө гэж бодсон бололтой. Нөгөөтээгүүр, намаасаа хөөгдөж, туугдах шахам гарч, Ж.Батзандантай нийлсэн Л.Болд ч сонгуулийн энэ ядмаг аргыг тойрогтоо хэрэглэсэн гэх. Тодруулбал, тус намаас Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан гэх Э.Түвшин гэх нэр дэвшигчийг оруулж иржээ.

Гэтэл АН-аас энэ тойрогт эдийн засагч, нягтлан бодогч Банзрагчийн Түвшинг нэр дэвшүүлсэн. Хан-Уул дүүрэгтээ маш олон жил ажилласан, дүүргийн ИТХ-аас эхлээд нийслэлийн ИТХ-д Хан-Уулчуудыг төлөөлж олон жил ажилласан. Тиймдээ ч рейтингийн судалгаагаар эхний гуравт бичигдэж буй. Тэгэхээр Л.Болдын тухайд нэр нэгтийг нь оруулж ирэн төөрөлдүүлж байгаад АН-ын гишүүдийнхээ саналыг ахиад татах санаа агуулсан бололтой юм. Намынхаа нэр хүндийг өнгөрсөн гурван жил чинээнд нь тултал унагасан түүнд хан-уулчууд дахиад итгэх нь юу л бол доо. ШИНЭ нам л юм бол шинээр сэтгэе л дээ.