ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Баатархүү: АН шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-06-26

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү мэдээлэл хийж байна. Тэрбээр “УИХ-ын сонгуулийн дүн  СЕХ-ны дэлгэцэнд  гарсан дүнгээс зөрж байгаа. Тиймээс  АН төрийн сонгуулийг будлиантай болсон гэж үзэж байна. Сонгуулийн үр дүнд тодорхой хэмжээний нөлөөлөл орсон. Бие даагчдын саналын тоо яагаад таслалтай байгаад СЕХ тодорхой хариу өгч чадсангүй. Монголын төрийн ирээдүйн 30 жилийг тодорхойлох суурь шинэчлэлийн сонгууль байх болно гэж ард түмэн итгэж найдаж байсан. Тиймээс сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцсон. Анхнаасаа АН сонгогчдын эрхийг зөрчихгүй, хамгийн хүндэтгэлтэй хандаж сонгуульд оролцъё гэдэг шаардлагыг бид удаа дараа илэрхийлж байсан. Гэтэл сонгуулийн дүн гарсны дараа аймаг, дүүрэг бүрээс сонгогчдын төлөөлөл АН руу утсаар болон бусад хэрэгслээр холбогдож бидний санал хааччихсан бэ гэж холбогдсон.  Иймд АН шуурхай ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлт түрүүчээсээ гарч байна. Бид хууль хяналтын байгууллагад дүгнэлтээ өгөхөөр бэлдсэн.  Төрийн сонгуулийг будилаантуулсан хүн хуулийн маш чанга хариуцлага хүлээдэг” гэлээ. Мөн Ардчилсан залуучуудын холбооны дарга С.Эрдэнэболд “АН сонгуулийн үр дүнг нягталж үзэж байна. Хэрэв үүнд улс төрийн ямар нэг турхиралт гарвал түүхэнд дахин нэг хар толбо үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс АН маш болгоомжтой хандаж, нарийвчлан судалж байна. Технологийн мэргэжилтнүүдээс тодруулж байна. Мэргэжилтнүүд хар машин буруу тоолсон гэхээс илүү санал тоолоход нөлөө орсон байж болзошгүй гэж байгаа. Тиймээс АН ажлын хэсэг байгуулан эргэлзээг хамтран шалгаж, эргэлзээг нотлох хэрэгтэй” хэмээн мэдэгдлээ.