ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Дэгийн хуулиа “дэглэж” чадсангүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-02

УИХ-ын  хаврын ээлжит чуулган өнгөрөгч баасан гарагт хаалтаа хийлээ. Хаврын чуулганы үеэр нэгдсэн хуралдаан 27 удаа болж, 181 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. 

Хаврын чуулганы хамгийн гол асуудал нь Үндсэн хуулийн өөрчлөлт, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хууль, Тавантолгойн ордыг эрчимжүүлэх тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Төрийн өмчийн хувьчлал гэх мэт олон чухал асуудал төлөвлөгдөж байв. Гэтэл гол, гол хуулийн төслүүд  хэлэлцэхээс илүүтэй УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын ёс зүйн асуудал, хариуцлага тооцох асуудлыг гол сэдэв болгож, томоохон хуулийн төслүүдэд анхаараагүй юм.

Тухайлбал, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийг чамбайруулж, УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлнэ хэмээн амлаж байсан ч Дэгийн хуулиа тийм ч сайн “дэглэж” чадсангүй.

Тус хуулийн хамгийн чухал заалт болох УИХ-ын чуулганы хуралдаанд гуравны нэгээс дээш хугацаанд суугаагүй тохиолдолд эргүүлэн татах заалт байсныг олонхийн саналаар хасав. Нөгөө талаар өөрсдийгөө хариуцлагажуулж, сахилгажуулах бус чуулганы хуралдаанд худал мэдээлэл өгсөн төрийн албан хаагчийг огцруулна гэсэн заалт хүчин төгөлдөр үйлчилж, хариуцлагыг бусдаас нэхэхээр болжээ.

Тус хуулийн нэг давуу тал нь УИХ-ын гишүүд бусдын өмнөөс санал өгч, кноп дардаг байдлыг үгүй хийж, зөвхөн хурууны хээгээр санал өгч, кнопоо дардаг байхаар өөрчилжээ. Дараагийн нэг чухал сэдэв нь Тавантолгойн ордыг эрчимжүүлэх тогтоолын төсөл. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар хамгийн чухал гол түлхэц нь  төмөр замын ажил. Хувьцаа гаргах ажлын хажуугаар дэд бүтцийн асуудлаа эхлүүлнэ гэсэн үг. Хувьцааг эргэлтэд оруулахын тулд иргэд, аж ахуй нэгжийн хувьцааны арилжааг эхлүүлэх замаар тэдний хувьцааны эргэлтийг идэвхжүүлэх, компанийн үр ашгийг нэмэгдүүлэх тодорхой төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ.

Компанийн эргэлтийн хөрөнгийн асуудлыг шийдэх зорилгоор IPO хийгдэх хувилбар бий. Гаргасан хувьцаанд эзлэх төрийн мэдлийн хувь хэмжээг 50 хувиас бууруулахгүй байх зохицуулалтыг компанийн дүрэм болон бусад холбогдох баримт бичигт тусгаж өгсөн аж. “Тавантолгой төсөл хэрэгжсэнээр ойролцоогоор 2.8 тэрбум ам.долларын экспортын орлогоо нэмэгдүүлэх, улсын төсөвт жилд 400-аас нэг тэрбум  ам.долларын орлого оруулах, шууд болон  шууд бусаар 5800 орчим ажлын байр шинээр бий болно” гэдгийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар  чуулганы нэгдсэн хуралдаанд хэлж байсан юм.

Мөн УИХ дахь АН-ын дарга Д.Эрдэнэбат “Иргэдэд баялгийн эрх мэдлийг өгөхийн түүхэн шийдвэрийг гаргах байсан ч харамсалтай нь эрх баригчид ухарлаа. Монголын төрийн түшээд баялгийг эздэд нь өгөх тулд анхны зөв алхмыг харилцан ойлголцох ёстой гэдэг зарчмыг би өнөөдрийг хүртэл барьж ирсэн. Гэтэл өнөөдөр /06.29/ бүх зүйл эсрэгээрээ явлаа. Энэ харамсалтай шийдвэр түүхэнд үлдэнэ. Ардчилалд алхаж орох үед малыг малчдад өгнө гэхэд 20 сая малыг  үрж идэх нь гэж хэлж байсан коммунистууд байсан.

Түүний дараа орон сууцыг иргэдэд өгнө гэхэд хэдэн барьсан барилгуудыг нь балгас болгох нь гэж ярьж байсан хүмүүс мөн байсан. Гэтэл газрын доорх баялгийг иргэдэд өгье гэхээр өгч болохгүй гэх коммнистууд байна. Уул уурхайн стратегийн бүх орд иргэдийн баялаг эзэмших эрхийг Тавантолгойд өгсөн 14 хувиас өөр юу ч байхгүй. Тиймээс бид үүнийг өөрчлөх саналыг МАН-ынхантай улс төрийн зөвшилцөл хийж байна гэж ойлгоод сүүлийн хэдэн өдөр ажилласан. Харамсалтай нь өнөөдөр эсэргүүцэх гишүүд байгаад харамсаж байна. Энэ асуудалд ингэж хандаж болохгүй” гэсэн юм.  Хаврын чуулганы   үр дүн болоод  шаардлагатай хуулиудаа батлаж чадсан уу гэсэн асуултад УИХ-ын гишүүдээс байр суурийг нь сонирхлоо.