ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Ой ба биологийн олон янз байдал бол алдаж боломгүй үнэ цэнэтэй”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-08-21

Монгол орны ойн санг, биологийн олон янз байдлыг хамгаалж буй НҮБ-ынхан эхлүүлсэн төслийнхөө зорилгыг ингэж дүгнэжээ. Тиймдээ ч Монгол орны дахин давтагдахгүй ойн санг хамгаалах, түүнийг түшиглэн ажлын байр нэмэгдүүлэх, биологийн олон янз байдлыг нөхөн сэргээх гол зорилготой олон улсын санхүүжилттэй, БОАЖЯ-ны дэмжлэгтэй төслийг таван жилийн хугацаанд таван аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлжээ. Тодруулбал, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган аймагт энэхүү төсөл хэрэгжсэн бөгөөд нийтдээ 3.6 сая ам.долларын санхүүжилтээр дээрх таван аймгийн 27 суманд хэрэгжжээ. Тэгвэл энэхүү төслийн хаалтад оролцох, мөн цаашид шинээр эхлэх төслийн эхлэлтэй танилцах завшаан өнгөрөгч долоо хоногт сэтгүүлч надад тохиов. БОАЖЯ болон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэнтэй ганзага нийлсэн бид уйтай намрын усан бороон дундуур хөлгөө тунчиг чамбай жолоодох н.Батсайхан ахын машинд сууцгаан Хэнтий аймгийн Биндэр сумыг зорилоо.

Зам зууртаа Хэнтий нутгийг хэрхэн аялал жуулчлалын бүс болгох гэж буй талаар ам уралдан ярьцгааж, мөн хэл амны бай болсоор буй түүхэн бүтээн байгуулалтыг нүдээр үзэцгээх хүсэлтийг ч салбар яамныханд дайхаа мартсангүй. Биднийг аймгийн Байгаль орчны газрын салбар хариуцсан дарга Б.Нямхатан тэргүүтэй шижигнэсэн залуус Жаргалтхаан сумаас угтан авч, аялалын туршид зам нийлэв. Алдарт мойлтой цөцгийн тос түрхсэн буриад талхыг амттайг нь гайхсаар идэж, амтат хоолоор дайлуулан түр саатав, бид. Сэтгүүлчид ч үндсэн ажилдаа орцгоов. Хэнтий аймгийн байгаль орчны салбарт юу дутагдаж байгаа, хэдэн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа, самар, жимсний болц, зөвшөөрөл хэрхэн олгох гэх мэтээр Б.Нямхатан даргыг “байцааж” эхлэв.

Хэнтий аймгийн тухайд энэ жил самар, жимсний гарц сайн байгаа аж. Гэвч жилээс жилд самар, жимсгүй болж өлсөж, туйлдсан баавгай уулнаас бууж ирэх нь ихэссэн учраас самарчид, жимсчдийг байнга хянаж байгаа гэлээ. Салбар яамнаас зөвшөөрөл өгсөн хэмжээнд түүх улирал нь эхлээгүй байхад л хэд гурваараа отог болон уул руу гарч түүхийгээр нь түүж, гэрийн нөхцөлд хүчээр боловсруулж худалдан борлуулах асуудал ихэсч буй учраас үүнийг байнга хянаж байна гэлээ. Корона дэгдсэнтэй холбогдуулан төсвөө тануулчихсан, мөн хуучин хэрэглэж байсан автомашинаар Хэнтийн тэр олон уул нурууд, ой тайганд хууль бусаар ан хийж, хулгайгаар самар, жимс түүж байгаа хүн бүхэнтэй тэмцэж чадахгүй учраас техникээр хангах, мөн байгаль хамгаалагчдыг хувцас, радио холбооны асуудлыг шийдэж өгөх хүсэлтийг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлд мөн уламжлав. Хооллох зуур түр зуур саатсан ч ажил хэрэгч яриа өрнүүлж, мөн тулгарч буй асуудлаа дуулгаж амжсан бидний аялал цаашаа үргэлжиллээ. Шөнөжин үргэлжилсэн бороо замын нөхцөл байдлыг дордуулсан нь илхэн. Намхан машинтай хүмүүс хол замд гарахад хэцүүхэн нөхцөл байдалтай болсон байх ажээ. Монгол хүний тусч сайхан сэтгэлээр бид замдаа саатсан, шаварт суусан бүхнийг олны хүчээр шавраас татан гаргаж явсаар өдөр 16.00 цаг өнгөрүүлэн зорьсон газраа очив.

Биндэр сумын Соёлын төвд Хэнтий аймгийн сумдын ойн анги, нөхөрлөлүүдийн хамт олон гараа ариутган, маскаа зүүсээр эгнэн сууцгаажээ. Мөн НҮБ-аас хэрэгжүүлсэн төслийн үр дүнд юу хийснээ, ямар ажил амжуулснаа нэгбүрчлэн тайлан болгон бэлтгэж, олны нүдэнд харагдахаар байршуулсан байх аж. Тухайлбал, төсөл хэрэгжиж эхэлсэн таван жилийн хугацаанд ойн нөхөрлөлүүдийг дэмжих чиглэлээр 17 төрлийн сургалтад 3897 гишүүн хамрагдаж, 57 нөхөрлөл 10 жилийн хугацаатай ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн гэлээ. Мөн ой, хээрийн түймрээс сэргийлэх, Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх зэрэг олон чиглэлээр сургалт орсноор төсөл хэрэгжсэн таван жилийн хугацаанд нэг ч удаа ойн түймэр гараагүйг нөхөрлөлийн гишүүд ам бардам сайддаа дуулгав. Энэхүү хаалтын үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ЕХ-ны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люкас, НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ажуха нарын албаны төлөөлөгчид иржээ. Нөхөрлөлүүд уригдаж ирсэн зочиддоо таван жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж багахан хугацаанд илтгэл тавьсны дараа БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл салбарынхандаа болон олон улсын төслийнхөнд хандаж, үг хэлсэн юм. Тэрбээр, “Хойч ирээдүйдээ бид цэнгэг ус, ногоон уул үлдээх ёстой гэдэг дэлхийн аугаа удирдагчдын философи надад маш их таалагддаг. Олон улсын санхүүжилтээр хэрэгжсэн энэ төслийн үр дүнд бид ойгоо, ан амьтнаа, биологийн олон янз байдлаа хамгаалж, тэр ч байтугай дагаад ажлын байраа нэмэгдүүлж байна. Амьжиргааны түвшинг дээшлүүлэх энэхүү том төслийг санхүүжүүлэн хэрэгжүүлж, Монгол орны экологийн тэнцвэрт байдлыг хадгалах чиглэлд анхаарч буй НҮБ-ын Суурин төлөөлөгч, ЕХ-ны төлөөлөгч, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч та бүхэнд гүн талархал илэрхийлье. Бид байгалиасаа бүх зүйлийг нь ашигладаг атлаа эргээд хамгаалах талаар учир дутагдалтай байдаг. Тэгвэл эдгээр таван аймагт хэрэгжиж буй “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлыг хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх” төсөл үнэхээр үр ашгаа өгч байна. Монгол орны маш бага хувийг ой эзэлдэг. Тэгэхээр ойн санг хамгаалахад олон улсын дэмжлэг туслалцаа маш чухал. НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын ХХААБ, ЕХ-ны нөхөд маань үүнд маш их тусалж, цаашдаа ч төслөө үргэлжлүүлнэ гэдгээ хэллээ. Үүнд салбарын сайдын хувьд маш их баярлаж байна” хэмээв. НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “Ой нь ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хөгжүүлэхэд нэн чухал үүрэгтэй. Тиймээс Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд цаашид үргэлжлүүлэн энэ чухал салбарыг дэмжиж ажиллана” хэмээлээ.

Европын холбооны зүгээс Монгол Улсын байгаль хамгааллын салбарт 200 сая еврогийн хөрөнгө оруулалтыг өнгөрсөн хугацаанд хийжээ. Цаашдаа ч энэ чиглэлд хэрэгжих олон төсөл хөтөлбөрийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд банк санхүү, уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдлыг ангилах, үйлдвэрлэх, Улаанбаатар хотын халаалтын системийг сайжруулах чиглэлээр төслүүд хэрэгжүүлнэ гэдгээ ЕХ-ны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люкас хэлсэн үгэндээ онцлов. Мөн дахин хэрэгжүүлэх олон төсөл хөтөлбөр хүргүүлснийг ЕХ-оо хурлаараа шалгаруулж ойг хамгаалах, нөхөн сэргээх, биологийн олон янз байдлыг хамгаалах төсөл нь дэмжлэг авсан гэсэн юм. Угтаа НҮБ-ын ХХААБ болон Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэгтэй зургаан сая ам.долларын өртөгтэй төсөл Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хэрэгжихээр болсон. Энэхүү төслийг ирэх жилүүдэд амжилттай хэрэгжүүлнэ гэдгээ амласан нь хэнтийчүүд, тэр дундаа нөхөрлөл, ойн ангиудын хувьд хамгийн сайхан мэдээ байсан юм.

Албан ёсны уулзалт, хаалтын ёслол нөхөрлөл, ойн ангиудын амжилтыг үнэлэх, батламж гардуулах, уулзалтын дурсгалын зураг татуулах, хүндэтгэлийн хүлээн авалт зэрэг ёслолын үйл ажиллагаагаар үргэлжлэв. Мөн ойн дагалдах баялгийг мөнгө болгож чадсан нөхөрлөлүүд хийсэн, бүтээсэн, төслийн санхүүжилтээр байгуулж чадсан бүхнээ уригдсан зочдынхоо өмнө дэлгэн тавьжээ. Байгалийн унанги модыг ашиглан хөргөгчний наалт, ханын гоёл, кофены ширээний тавиур, унанги модоор хийсэн ваар, нэрс, аньс, гишүүний варень, гогод, гоньд гэх мэтээр хүний гараар бүтсэн юм бүхэн нь нүдэнд туссан, амттай, загвар хийцтэй байсныг энд онцлоё. Биндэр суманд төслийн санхүүжилтээр байгуулагдсан модны үйлдвэр хогийн сав, кофены аяганы тавиур, үзэгний тавиур гэх мэтээр маш олон захиалгыг хот, хөдөөгөөс авч, таван хүнийг цалинжуулан ажиллуулдаг болсноор багагүй хугацаа өнгөрснийг хэлж байсан юм. Томилолтын хоёр дахь өдрөө бид өмнө хэлсэнчлэн түүхэн аялал жуулчлалын хүрээнд Биндэр суманд баригдаж буй “Их хуралдай” цогцолборын ажлын явц, хүний гараар бүтээсэн нарсан ойн төгөл, нөхөрлөлийн багийн айл өрхүүдийн өрхийн аж ахуйгаар зочилж явсаар оройн сэрүүнээр Дадал сумыг зорив. Хэнтий аймаг хэдийгээр аялал жуулчлалын бүс болох том зорилт тавьсан ч зам харгуй бартаатай, шавар шалбааг ихтэй байсныг энд онцлох нь зүйтэй. Гэхдээ ирэх жил гэхэд Биндэр, Дадлыг чиглэсэн 256 км засмал замын ажил дуусах шатандаа орох болов уу гэдгийг Соёлын дэд сайд Ц.Батбаяр сэтгүүлчдэд дуулгалаа. Томилолтын багийн бүрэлдэхүүний автомашинууд ч ар араасаа шаварт сууж, нэгнээ татан гаргах, нийлж байгаад хүч хавсрах зэргээр амаргүй замыг туулсаар зорьсон газраа орой нар жаргасны дараа хүрч очив. Өглөө биднийг “Онон-Балжийн байгалийн цогцолборт газар”-ын дарга О.Цэндгомбо угтан авч, цогцолбор газрынхаа байгаль хамгаалагчдын нийгмийн асуудал, техник тоног төхөөрөмжийн туслалцаа, бусад хүндрэлтэй асуудлаа БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлд дуулгалаа.

Тус хамгаалалтын захиргаа нь таван сумыг дамнасан 470 гаруй мянган га газрыг хариуцан ажилладаг аж. Нийтдээ 13 байгаль хамгаалагч ажилладаг бөгөөд хулгайн ан, хууль бус жимс, самар олборлолт зэрэг асуудлаар ажиллахад тулгарч буй бэрхшээл олон байгааг хэлж байлаа. Энэ жил коронагаас шалтгаалан хил хаасан учраас дотоодын аялал жуулчлал нэмэгдсэн учраас хог хаягдлаа хэрхэн зохицуулах, мөн байгалийн цогцолбор газарт аялахдаа ан амьтан, ургамалд хэрхэн хандах талаар жуулчдад зөвлөгөө мэдээлэл хүргүүлэн ажиллаж буйгаа дуулгав. Мянганы суут хүмүүс Их Эзэн Чингис хааны өлгий нутагт буй хөхтөн ангийн 55, жигүүртний 250, мөлхөгч, хоёр нутагтны ангийн 10 зүйл гэх мэтээр ширхэг чулуунаас эхлээд бүх л зүйлийг хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх, дагалдах баялгийг нь зүй зохистой хэрэглэж, ажилгүйдэл ядуурлаас гарах бүх л боломж бололцоог бүрдүүлэхэд гүн туслалцаа үзүүлж буй НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын ХХААБ-ын Суурин зохицуулагч Винод Ажуха, ЕХ-ны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люкас нарт нийт уншигчдынхаа өмнөөс, мөн нийт монголчуудын өмнөөс талархлаа илэрхийлье. Мод тарих нь буян хураах нэгэн үйл байдаг бол ургуулсан моддыг хайрлах, гэмтэхээс нь сэргийлэх, ойн ан амьтны төлөө сэтгэл зүрх, хөрөнгө санхүүгээ харамгүй зориулж буй тэдний хичээл зүтгэл ч талаар өнгөрөөгүйг харах сайхан байлаа. Мөнгө аваад цааш зугтдаг бус өгсөн мөнгийг нь баялаг болгож, ургаж буй мод бүхнийг, нахиалж буй мөчир бүрийг хайрлан хамгаалж буй Хэнтий аймгийн БОГ-ын хамт олон, Сум дундын ойн ангийн ажилчид, нөхөрлөлүүдийн гишүүн нэг бүрийн хөдөлмөр, хичээл зүтгэлийг гадны зочид бахархаж байсан нь сайхан байлаа. Энэ нутаг эзэнтэй гэдгийг, эзэн нь бид гэдгийг, ширхэг чулуунд ч сэтгэлээ зориулдаг гэдгийг харуулж буй та бүхний ажилд амжилт ерөөе. Дараагийн сурвалжилгаараа Хэнтий аймагт баригдаж буй түүхэн бүтээн байгуулалтын явц, ямар зорилго, зорилт агуулан түүнийг бүтээн босгож буй талаар нийтлэл хүргэнэ.