ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хаврын чуулганы хачиргүй тэмдэглэл

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-03

УИХ-ын хаврын чуулган нийт 27 удаа хуралдсан байна. Хуралдаанаар бие даасан хууль 17, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 67, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль  хоёр, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль тав, УИХ-ын тогтоол 50-ийг баталсан байна. Ингээд хаврын чуулганы эргэн, тойронд өрнөсөн мэдээ, мэдээллийг  “хачиргүй, засваргүй” тэмдэглэлийг товч байдлаар хүргэж байна. 

Нэмэх:

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Оюу толгой” ХХК-ийн гэрээний хэрэгжилт, үйл ажилгаанд болон шалгалт хийх ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.  
-Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. Тухайлбал, 10 жил зогсонги байсан Тавантолгойн төсөл суурьнаасаа хөдөлсөн юм.
-Хүчингийн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын хэргийг хүлээн зөвшөөрч болохгүй хэмээн үзэж, нээлттэй сонсгол зохион байгуулахаар 19 УИХ-ын гишүүний гарын үсэг цуглуулсан юм.
-УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбумын асуудлаар Л.Оюун-Эрдэнэ гишүүн АТГ-т хандсан. Надад байсан бүх материалыг Л.Оюун-Эрдэнэ гишүүнд өгсөн” гэдгээ УИХ-ын чуулганы танхимын индер дээрээс мэдэгдсэн.
-Ерөнхийлөгч УИХ-ын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавьсан.  Тухайлбал,  Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 45 дугаар тогтоол. Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай 47 дугаар тогтоолуудад  тус тус хориг тавьсан. Үүнийг байнгын хороогоор хэлэлцээд олонхийн саналаар дэмжив.
- Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлыг олонхийн саналаар дэмжив.

Хасах:

-Хүчингийн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чуулганаар  хэлэлцээд, олонхийн саналаар авч үлдсэн нь яах аргагүй хасах оноо авах юм. Энэхүү шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьж, хоригийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм.  
-Хаврын чуулганы хамгийн халуун сэдвүүдийн нэг бол яах аргагүй МАН-ын 65 гишүүний талцал. Тэд 32, 33-ын бүлэг гэж хуваагдаж байсан бол  УИХ-ын гишүүн Д.Гантулга чөлөөлөгдсөнөөр 32, 32 болсон юм. Энэхүү хоосон суудалд ирэх аравдугаар сард нөхөн сонгууль болно. Хэрвээ МАН-аас сонгогдвол  хоёр бүлгийн аль нэг нь 33 болох юм. Харин өөр намаас хүн сонгогдвол 32, 32 –ын тулаан улам ширүүснэ.
-УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийг “дэглэж”, гишүүдийг сахилга, хариуцлагатай, ёс зүйтэй болгоно гэсэн боловч чадсангүй. Хуулийн хамгийн чухал заалт болох чуулганы хуралдаанд гуравны нэгээс дээш хугацаанд суугаагүй тохиолдолд эргүүлэн татах заалтыг олонхийн саналаар унагаасан юм.
-УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүй авч үлдсэн нь мөн л хасах оноо авна.
-Хэл ам дагуулаад байсан  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаран баталсан нь хасах онооны эгнээнд өөрийн эрхгүй багтана. Учир нь Оюутолгой ХХК-д ажлын хэсэг гарчихсан шалгаж байхад тус компанид зориулсан хуулийн төсөл хэмээн шүүмжилж, ярьж, хэлж бичиж байхад яаран баталсан юм.
-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 100 хувьд хүргэнэ хэмээн амласан эрх баригчид ОУВС-гаар айлгаж, 80 хувь буюу 912 мянга орчим хүүхдэд 205.2 тэрбум төгрөг олгох шийдвэр гаргав.
-Ирээдүйн үрсээсээ 20 мянгахан төгрөг харамлаж, шийдвэр гаргадаг атлаа Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийг баталж, таван арилжааны банканд 511 тэрбум төгрөг олгов.
-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баяр наадмын үетэй зэрэгцүүлж, УИХ-ын чуулганаар оруулж, түмэн олныг сандаргав. Тус хууль батлагдвал хэмжээлшгүй эрхт Засгийн газартай болох юм.
-Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар унагав. Ашигт малтмалын ордыг ашиглаж валютын орлого олдог хуулийн этгээдийн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанк гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор оруулсан хуулийн төсөл дэмжигдээгүй юм.