ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шинэ парламентын “хэнз” попууд

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-14

УИХ-ын найм дахь удаагийн парламент бүрдээд удаагүй байна. Шинэхэн гишүүд тангаргаа өргөж, тэмдэгээ хүлээж аваад ердөө хоёр сар гаруйхан хугацаа болж байна. Энэ хугацаанд хэн нь ямар үйлдэл гаргаж, олны танил болохоор “тэнэглэж”, “попорч”  явааг энд онцолж байна.

 

Үүрэг, чиглэл өгсөн анхны гишүүн

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

-Анх удаа УИХ-ын гишүүн Ерөнхий сайдын өмнөөс орон  нутагт ажиллаж, үүрэг чиглэл өгөв. Тухайлбал, УИХ-ын 2020 оны сонгуулиар МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Б.Баярсайхан орон нутагт ажиллах үеэрээ Завхан аймгийн Засаг даргад үүрэг өгч, олны нүдийг бүлтийлгэж байлаа. Олны нүдэнд ажил хийдэг хүн болж харагдахын тулд Завхан аймгийг зорьж, орон нутгийн хөгжил төдийгүй авто зам зэрэгт анхаарал хандуулсан нь тэр. Гэвч аймгийн Засаг даргыг Тамгын газрын хэдэн  нөхөдтэй нь дагуулчихсан, цэргийн  ногоон хувцас өмсөөд зогсохгүй үүрэг, чиглэл өгч  шаардлага тавьсан удаатай. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн ямар эрх үүрэгтэй вэ гэдгээ  мэддэггүй  атлаа Ерөнхий сайдынхаа ажлыг өмнөөс ажлыг нь хийж байв. Тэрбээр, албан тушаалтайд үүрэг өглөө хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүртэл мэдээгээ гаргаж, попорсон удаатай. Төрийн нарийн бичгийн дарга байхаасаа л олны чихийг халууцуулсан шар мэдээгээр хэвлэлийн хуудас чимэж байсан эрхэм гишүүн энэ үйлдэлдээ дүгнэлт хийх бус харин ч эсрэгээрээ би бэлтгэл офицер цолтой хүн хэмээн цэргийн цол хүртэж буй зургаа оруулж, бүр ч илүү олон нийтийн дургүйцлийг төрүүлээд амжсан.

 

Элит “поп”-уудын үргэлжлэл

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Баянголчууд мэдлэг, боловсролтой залуу үеийн шилдэг боловсон хүчин хэмээн итгэл үзүүлсэн байдаг. Тэгвэл эрхэм гишүүн Баянгол дүүргийг эрхшээлдээ оруулж, “Вангийн өргөө-2” болгохоор шийджээ. Тэрбээр удахгүй болох орон нутгийн сонгуульд тус дүүрэгт нэр дэвших хэдэн залуусыг дагуулчихсан сургууль, цэцэрлэгээр хэсэж, бэлэг тарааж яваа зураг нь мөн л соошл орчинд цацагдав. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуулийн сурталчилгааг хугацаанаас нь өмнө эхлүүлж, хууль зөрчиж байгаа хэрэг хэмээн хардах шалтгаан ч бий болов. Түүнчлэн, АН-ын муулж, МАН-ыг магтсанд томхон бэлэг өгч, гар цайлгаж байна гэх шар мэдээ ч хэвлэлийн хуудас чимээд амжлаа. Албан тушаал, эрх мэдлийн дон шүглэсэн, өрсөлдөгчөө муулж сэтгэлийн тайтгарал эдэлдэг шинэ цагийн “элит” попуудын нэр хүндийг тэнгэрт өргөж яваа залуусын буухиаг тэр өөрийн биеэр үлгэрлэж яваа гэхэд хатуудсан болохгүй. УИХ-ын сонгуулиар хамаг л муу муухайг ярьж, хийж явсан энэ нөхөр өдгөө Кембрижийн боловсрол ярьж явах атлаа соошл орчинд өөрийг нь шүүмжилсэн нэгнийг “ац” гэх гудамжны хараалаар харааж, ерөөн тараа таниулж явах ажээ. “Алтан шаахай өмсөвч алцан майга нь хэвээрээ” гэдэг шиг УИХ-ын гишүүний өндөр сэнтийд заларсан ч уг хүнийх нь араншин илэрсэн хэвээр байх ажээ.

 

Махны үнэ тодорхойлогч

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Сүхбаатар аймгийг хөгжилд, цэцэглэлд хүргэсэн хэмээн магтуулж байдаг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нийслэлчүүдийг кг махыг 36 мянган төгрөгөөр худалдан авч идэх ёстой хэмээн “зандарч” байсан удаатай. Ард түмэнд боломж бололцоотой амьдарч байвал кг-ыг нь 50 мянган төгрөгөөр худалдан авч идсэн ч болж байна л даа. Ингэхийн тулд УИХ-ын гишүүнээр хэлүүлж, шаардуулж, загнуулах ч шаардлагагүй билээ. Гэсэн ч иргэдийн амжиргаа, цалин, орлого нь 36 мянган төгрөгийн мах худалдан авах хэмжээнд хүрээгүй учраас, тэд ч хүргэхийн төлөө ажиллаагүй учраас эрхэм гишүүний “попрол” өөрийнх нь эсрэг чиглэсэн юм. Мал аж ахуйн орон гэж 100 жил шахам улаан дарцаг намируулсан ч 70 сая малаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй, нийслэлчүүдийг зандарч суух нь нэг талаараа дэндүү ичгэвтэр  хэрэг. Нийслэлчүүд 36 мянган төгрөгөөр мах худалдан авах хэмжээнд хүрсэн ч мал аж ахуйн салбар өндийж, малчид санхүүгийн эрх чөлөөнд хүрэхгүй. Тоо ярьж, чанарыг хаясан мал аж ахуйн салбараа энэ дөрвөн жилийн дотор өөд нь татахгүй бол УИХ-ын индэр дээрээс үнэ яриад газар авахгүй, мал аж ахуйн салбар өндийхгүй юм шүү,  эрхэм гишүүн ээ.

 

Их хаанаа доромжилдог Дарханы охидын “краш”

-УИХ-ын гишүүн Г.Дамдинням:  

-Чуулганы танхимд байсхийгээд л сэлфи хийх улстөрч бол Дарханы охидын “краш” нь юм гэнэ лээ. Гэвч тэр царай шигээ сэтгэдэг нэгэн биш гэдгээ харуулчихсан. “Кэмбриж гэсэн үгэн дээр улс төрийн тоглолт бүү хий, бид үндэсний хөтөлбөрөө олон улсын түвшинд хүргэхийг зорьж байна” хэмээн ярьсан байх аж. Гэвч дотоодын боловсрол ч гадны хөтөлбөрийг шууд хуулах хэмжээнд хүрч хөгжөөгүй. Ярьж, хэлж, зорьж бололгүй яахав.  Гэхдээ Кембрижийн хөтөлбөрийг манай улс хэд, хэдэн сургуульд хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Үүнд анхаарлаа хандуулж буй бүхэл бүтэн яам ч бий. Харин энэ асуудлыг улс төр болгож, лобби бүлэг байгуулж, нэр алдар хөөх нь хэр зөв бэ. Тэр ч байтугай Кембриж гэж үгэнд дургүйцээд байвал “Чингис хаан” гэж нэрлэхгүй юу хэмээн “эргүүтэв”, тэр. Дэлхийн гайхалтай улстөрч, мянганы суут хүмүүс Их эзэн хаанаа Кембрижээс дорд үзэж, тоглоом шоглоом болгох ухаан зөвхөн Дарханы охидын “краш”-аас л гарах байх. Ерөөс боловсролын салбарын энэхүү  сэдэв чухал хэдий ч  хүний амьтай дүйцэхгүй.  Түүний сонгогдсон тойрог болох Дарханы замд өдөрт л олон арван хүн амь насаа алдаж, эд хөрөнгөөрөө хохирч  байхад сонгогдсон гишүүн нь харин Их хаанаа доромжлоод сууж байх аж.  

 

 Дээлийн хээ хуар тодорхойлогч хатан ухаантан

УИХ-ын гишүүн П.Анужин:

-Төрд ёсны хувцас, айлчлал зэрэгт анхаарал хандуулсан хүн бол УИХ-ын гишүүн П.Анужин. Түүний санал болоод хэлсэн үгийг нь өөлөх гэсэнгүй. Харин дэлхий нийтээр цар тахал дэгдэж, хэзээ намжих эсэх нь тодорхойгүй цаг үед төрийн ёслол хүндлэл, хээ хуар ярьж суугаа  нь ичгэвтэр санагдав. Монгол Улс гуравхан сая хүнээ жишээ аваад буй Японы хөгжлийн 30 хувьд нь хүргэчихээд дээлний хээ хуар, цагаан хоол, мацаг, гүнцэг барих асуудлаа хуульчилж болох билээ. Үүнийг хэн ч хориглохгүй. Гагцхүү өнөөдрийн бодит байдалд бол П.Анужин сонгогдсон тойргийнхоо иргэдийн амьжиргаа, идэх хоол, өмсөх хувцас, хүүхдийн хүчирхийлэл, тэр ч байтугай орон гэртээ цоожтой үлдэж байгаа хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээгээр бус хэрхэн цэцэрлэгт хамруулах талаар ярих нь илүү бодитой харагдах билээ. УИХ-д суусан цагаасаа хойш эрүүл хооллолт, дээлийн хээ гэх мэтээр дэмий балай зүйлээр л тэр танигдах гэж хичээсээр...

 

Чөдөр

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл орон нутгийг ад үзсэн билээ. Тэрбээр төсөв мөнгөө хэмнэх тухай санал гаргахдаа хөдөө, орон нутаг тэр дундаа алслагдсан суманд төсөв өгч болохгүй хэмээн цэцэрхэж байсан удаатай. Түүгээр ч зогсохгүй сумдыг нийлүүлж, нэгтгэх тухай санал хүртэл гаргаж байлаа. Өөрөөр хэлбэл, хаана ч хүрдэггүй жижигхэн санхүүгийн хэмнэлтээс болж, хүний эрх, эрх чөлөөг тэр зөрчив. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн саналаар бол иргэд алслагдсан хүн ам багатай суманд амьдрах шаардлагагүй. Амьдралаа ч улсаас мөнгө хуваах хэрэггүй гэж ад үзэв. Тухайлбал, хөдөө, орон нутгийн хөгжил ярьж, ажлын байр бий болгох тухай ярих ёстой томоохон бизнесмэн эрх мэдэл, албан тушаалын үзүүрээс атгасан даруйдаа орон нутгийг хөгжлийг сааруулж, ард иргэдийнхээ хөгжлөөс чангаалаа.