ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ТЕГ-т ханджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-03

Төрийн албан тушаалыг хууль бусаар наймаалцах талаар ярилцаж байсан УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй түүний туслах А.Ганбаатар нарын ноцтой бичлэг болох 60 тэрбумын бичлэгээр нээлттэй сонсгол хийхээр хүсэлт өгөөд буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэлд хүсэлт хүргүүлжээ.

Тэрбээр, хүсэлтдээ “Сүүлийн үед төрийн албыг үнэлэх, арилжих сэдэл бүхий 60 тэрбумын хэрэг нийгмийн хурцадмал асуудал болоод байна. Тагнуулын ерөнхий газар нь чиг үүргийн дагуу, мөн Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10.10.4-т заасан “Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар мэдээлэл боловсруулж, холбогдох албан тушаалтанд танилцуулах” болон бусад хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг ирүүлэхийг хүсье” хэмээжээ.

Эрхэм гишүүний тухайд наадмын дараа ээлжит бус чуулган зарлаж энэ асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байгаа бөгөөд 60 тэрбумын хэргийг нэг талдаа шийдэх хүртэл чуулганд суухгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Мөн намын дарга У.Хүрэлсүх намынхаа Онц их хурлыг зарлахаар болсноо мэдэгдсэн билээ.