ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чингэлтэй дүүргийн долдугаар хороо шинэ сургуультай боллоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-26

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж ашиглалтад орж буй Нийслэлийн Ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нээлт өнөөдөр боллоо.

Өмнө нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт сургууль байгаагүй. Харин одоо нэг ээлждээ 648 хүүхдийн суудал бүхий дэлхийн жишигт нийцсэн сургуультай болсноор сургуулийн насны 2,700 гаруй хүүхэдтэй тус хорооны хүүхдүүд харьяаллын дагуу 149 дүгээр сургуульд суралцаж эхэлж байна. Анхны хичээлийн жилээ 665 сурагч, 65 багш, ажилчинтайгаар эхлүүлж байгаа бөгөөд сурагчдын 80 орчим хувь нь Баянгол дүүргийн “Сэтгэмж” сургуулиас, бусад нь Сонгинохайрхан дүүргийн 129, 105 зэрэг сургуулиас шилжин иржээ.

"Хүүхэд, багачуудынхаа нэрийн өмнөөс Японы ард түмэнд талархсанаа илэрхийлье" 

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Дэлхийн жишигт нийцсэн иж бүрэн тоног төхөөрөмжтэй сургууль нийслэлийн алслагдсан хороонд ашиглалтад орж байгаад баяртай байна. Нийслэлийн ирээдүй болсон хүүхэд, багачуудынхаа нэрийн өмнөөс Японы ард түмэнд талархсанаа илэрхийлье. Манай хоёр орны олон жилийн найрамдалт харилцааны үр дүн гэж харж байна. Боловсролын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт хамгийн зөв чухал зүйлрүүгээ хийж байгаа хөрөнгө оруулалт гэж үздэг. Зөвхөн боловсролын гэлтгүй өөр олон салбарт манай хоёр улс хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирснийг энд онцлон хэлэхийг хүсэж байна” хэмээв.

"Газар чөлөөлөлтөд шаардлагатай 2 тэрбум төгрөгийг Монголын талаас гаргасан"

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Анх Япон улсын зүгээс манай улсад хоёр сургууль барих хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, зөвхөн газар чөлөөлөлт, хуучин сургуулийг нураахад хоёр тэрбум төгрөг Монгол Улсын талаас шаардлагатай гэснийг 2018 оны улсын төсөвт санхүүжилтийг суулгаснаар сургуулийн барилгын ажил эхэлсэн. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль хүртэлх авто замыг хийсэн. Сургуулийн автобусны асуудлыг ч нийслэлтэй хамтарч шийдэж байна” гэлээ. Энэхүү сургууль нь 18 анги танхимтай бөгөөд түүний хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулагджээ. 65 багш, ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж буй тус сургуулийн спорт заал нь олон улсын стандартад нийцсэн зөөлөн шалавчаар тохижуулсан зэрэг хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангажээ. Мөн Японы талаас сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган ашиглалтад оруулж хүлээлгэн өгч байгаа аж. 

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Япон улсын Элчин сайд Кобаяши Хироюки, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагчид болон эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцов.