ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: Ард түмний үгийг сонсдог, мэргэжлийн парламент байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-01

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, иргэдтэй  уулзаж хуваарийн дагуу хэлэлцүүлэг зохион байгууллаа. Байнгын хороод салбар, салбарын үйл ажиллагаатай танилцаж, хэлэлцүүлэг зохион байгуулж, мэдээлэл сонслоо. Мөн УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгүүд асуудлаа шийдвэрлэх арга замыг хайж, ажиллаа. Завсарлагааны хугацаанд Үндэсний ном, бичиг соёлын өдөртэй болох, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороог байгуулах тогтоолын төслүүд өргөн баригдсан. Цаашид уламжлал болгон намар, хаврын чуулганы өмнө хэлэлцүүлэг, ард түмний үгийг сонсдог мэргэжлийн парламент байхыг гишүүд эрхэмлэж байгаа. Гишүүд хөдөө, орон нутагт ажиллах үеэр иргэдээс өвөлжилтөд хүндрэл учрах, гамшгийн байдлыг газар дээр нь үнэлгээ хийх, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх, мах экспортлох зэрэг асуудлаар Засгийн газар, Улсын онцгой комисс шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа ч аймаг орон нутгийн удирдлага хамтран ажиллах хэрэгтэй. Маргаашийн  чуулганы хуралдаанаар  өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг сонсохоор төлөвлөж байна. Намрын чуулганы хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн олон салбарыг хамарсан 122 хууль, шийдвэрийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Чуулганы хугацаа 75 хоног байх бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн шинжтэй томоохон хуулийн төслүүд хүлээж байгаа. Иймд бид ихээхэн ачаалалтай хуралдаж, цаг хугацаатай уралдах шаардлагатай болж байна гэлээ.

  • УИХ дахь  намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд