ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Монголд хууль журам хэрэгжихгүй байна"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-01

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр  Төрөөс 2021 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл,  УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар Шадар сайдын хийх мэдээлэл зэрэг асуудлыг хэлэлцсэн аж. Энэ талаар УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат “Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Төрөөс 2021 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд манай намын гишүүд  сайтар ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, манай гишүүд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр үр дүнгүй болсон гэх байр суурьтай байгаа. Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл, төсвийн алдагдалд онцгой анхаарах шаардлагатай. Монголд хууль журам хэрэгжихгүй байна. Хуулийг хэрэгжүүлэхэд хяналт тавих ажлыг Засгийн газар нь хариуцдаг. Би орон нутагт ажиллаад ирсэн. Олон аймагт зуншлага тааруу, гантай байсан. Цаашид гамшиг болох эрсдэлтэй байна. Гамшгийн зэрэглэлийг тогтоож өгөөч  гэж 20 гаруй хоногийн өмнө хэлсэн” гэлээ.