ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурал болж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-12

“Жаст” группын Ерөнхий захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Хэргийг сануулахад, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст” группын Ерөнхий захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийг хууль хяналтын байгууллага долоон жил шүүж байгаа билээ. Шүүхээс Ш.Батхүүг залилан, санхүүгийн луйврын долоон төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байгаа юм.

Тухайлбал, хадгаламж банк зээлийн батлан даагчаар оролцуулах баримт бичгийг хуурамчаар үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.12.1 зүйл ангиар, Мөн О.Хүрэлбаатар, Л.Бадамцэцэг, И.Амраа нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “Жаст групп” компаниас Хадгаламж банк (одоогийн Төрийн банк)-тай Төлбөрийн баталгаа, Банкны баталгааны гэрээ байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2.1 дүгээр зүйл ангиар, Эдуард Сүрэнгийн нэхэмжлэлээр Ш.Батхүү нь “Олон овоот гоулд” -ийн зээлийн төлбөрт Хадгаламж банк (одоогийн Төрийн банк)-наас төлбөр гаргах, тус банкийг хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 21.1.1 зүйл ангиар буруутган, шүүж байна.