ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улс саарал жагсаалтаас гарах эсэх нь баталгаажаагүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-14

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ-ын 2019 оны аравдугаар сарын 18-нд болсон хуралдаанаар Монгол, Исланд, Зимбабве гэх гурван улсыг  Саарал жагсаалтад оруулсан талаарх мэдээлэл дэлхий нийтэд гарсан билээ. Тухайлбал, ФАТФ-аас манай улсад дараах дөрвөн шаардлагыг тавьж байсан юм. 

·Шууд хэрэгжүүлэх байгууллага –Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам /Мэргэшсэн нягтлан бодогчдын институт/,  ХЗДХ-ийн яам /Монголын Нотариатчийн танхим, Монголын хуульчдын холбоо/ “Хяналтын байгууллагууд санхүүгийн институцийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх” 

·Шууд хэрэгжүүлэх байгууллага- Хууль сахиулах байгууллагууд /ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕПГ, Шүүх байгууллага/ “Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ногдуулах”

·Шууд хэрэгжүүлэх байгууллага – Сангийн яам, Гаалийн ерөнхий газар “Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах” 

·Шууд хэрэгжүүлэх байгууллага- Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар  “Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх”.

Тэгвэл ФАТФ-аас өгсөн зөвлөмжийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар биелүүлсэн хэмээн мэдэгджээ. Энэ талаар  “Хэдийгээр эерэг дүн гарна гэдэг хүлээлттэй байсан ч Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэмжигдэхийг сонсоод өрөөнд байсан бүх хүн баярлаж байлаа. Олон хүний хүч, хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн гарч байна” гэжээ. Түүнчлэн Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах шийдвэрийг энэ сарын 21-23-нд болох ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах  аж. Ингэснээр манай улс албан ёсоор саарал жагсаалтаас гарсан гэдэг нь батлагдах юм.