ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Чулуун сайд амжих уу

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-14

“Төр нь өмчөө мэддэг цаг ирсэн” гэх үгэндээ багтаж ажиллахаар хичээж буй Соёлын сайд С.Чулуун хэд хэдэн обьектийг төрийн мэдэлд авна гэж мэдэгдсэн нь саяхных. Тэрбээр, хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Кино үйлдвэр, Улсын цирк, Ард кинотеатр, Элдэв-Очирын нэрэмжит театрыг төрд буцааж авах ажлыг хийнэ. Лениний музей хүртэл өмчийн маргаантай байгаа. Эдгээр асуудлуудыг судалж, төрийн өмчид буцаан авах хууль эрх зүйн орчныг судалж байна” хэмээн мэдэгдсэн бөгөөд соёлын хулгайч нартай тэмцэнэ гэж ам гарав. Олон нийт ч түүнийг алга ташин дэмжиж байгаа. Хувьд өгчихлөө хэмээн “хөсөр” хаясан төрийн өмчийн араас 20 гаруй жилийн дараа нэхэл дагуул болж, төрд буцааж авна, гудамжинд гарсан циркийг аврах ёстой гэсэн чин сэтгэлтэй хэн нэгэн гарч ирсэн нь сайн хэрэг.

Бүхэл бүтэн үндэстэн өөрийн гэсэн соёлын бодлоготой, түүнийгээ олон нийтэд хүргэх газартай байх нь ч зүй ёсных билээ. Гэхдээ улс төрийн зорилгоор дээдсийн захиасаар даалгавар биелүүлдэг, бас төлөвлөгөө гаргаж хэрхэвч болохгүй билээ. Угтаа, Ерөнхийлөгч Х.Баттулгын нөмөрт багтсан Аса аваргаас Улсын циркийг С.Чулуун сайд салгаж амжих уу хэмээн асуугаад байгаа юм. С.Чулуун бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол судлал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байлаа. Харин Асашёорюү Д.Дагвадорж мөн л Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, зөвлөхөөр ажиллаж байсан. Нэг тэрэгний хоёр дугуй болон ажиллаж байсан хоёр хүн. Сайдын суудалд ч тэрбээр Ерөнхийлөгчийн дэмжлэгээр очсон гэх хардлага байдаг нь худлаа биш. Тиймээс л Хөдөлмөрийн баатар Д.Дагвадоржоос циркийг хэрхэн яаж салгаж авах вэ гэдэг нь сонирхолтой байгаа юм.

 

...Ерөнхийлөгч Х.Баттулгын нөмөрт багтсан Аса аваргаас Улсын циркийг С.Чулуун сайд салгаж амжих уу хэмээн асуугаад байгаа юм. С.Чулуун бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол судлал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байлаа. Харин Асашёорюү Д.Дагвадорж мөн л Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, зөвлөхөөр ажиллаж байсан. Нэг тэрэгний хоёр дугуй болон ажиллаж байсан хоёр хүн...

 

Нэг удаа ч илүү хөдөлгөөн хийж чадахгүй учраас дэмий л сошиалаар аваргыг хэмлэх ажлыг зохион байгуулалттай хийгээд байна уу хэмээн хардахад хүрч байна. Учир нь С.Чулуун сайдын мэдэгдлээс хойш циркийн салбарын ахмад, дунд, залуу үеийнхэн сошиал орчинд идэвхтэй хөдөлж эхэлсэн бөгөөд “Аса циркээ өг, аль эсвэл өөрөө нугар” гэх мэтээр эсэргүүцлээ өрнүүлж эхэлсэн. Хэвлэл мэдээллээр ч зохион байгуулалттай гэмээр мэдээллүүд хөвөрч эхэллээ. С.Чулуун сайд өөрөө зоригтой хөдөлж чадахгүй учраас “хүний гараар могой бариулах” тактик ашиглаж, хэвлэл ашиглан түүнтэй дайтахаар шийдсэн бололтой юм. Гэлээ ч Ерөнхийлөгчийн нөмөр С.Чулуунд уу, эсвэл Д.Дагвадоржид үйлчлэх үү гэдэг нь тун сонирхолтой нүүдэл байх биз ээ. Тэрбээр, хэдхэн өдрийн өмнөх байр сууринаасаа хэдийнэ ухарчихсан АСА циркийнхэнтэй зөвшилцлийн ширээний ард сууна гэсэн үлгэр яриад явж байх аж. 

Харин МУГЖ Д.Сосорбарамын мэдэлд байдаг “Ард” кино театрыг ядах юмгүй авах нь тодорхой. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга МУГЖ Д.Сосорбарам нарын харилцаа сүүлийн үед хөндийрсөн. Чи, би дээрээ тулж, таагүй харилцаатай хэдэн жилийг үдэж байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулгыг шүүмжилсэн шүүмжлэлийг ч Д.Сосорбарам гавьяат харамгүй хэлж, Э.Бат-Үүлтэй ойр шадарлах болсон. Тиймээс түүний мэдэлд байгаа “Ард” кино театрыг зөвлөх асан сайдаараа дамжуулж, “булааж” авахаар шийдсэн ч байж мэдэх юм.

Нэг хүний мэдэлд байгаа театр булаах нь зохион байгуулалттай харагдах учраас нөлөөнд АСА цирк, Элдэв-Очирын нэрэмжит театр зэрэг газруудыг онилсон дүр эсгэж яваа ч байж мэдэх билээ. Хэн ч хардах эрхтэй билээ. Үнэхээр л С.Чулуун сайд шиг сайд байж хууль бусаар эзэн суусан Асашёорюү Д.Дагвадоржийн мэдэлд байдаг Улсын циркийг буцаан авч чадвал түүний төлөө алгаа ташихад бэлэн байна. Монгол Улс эзэнтэй гэдгийг, эзэн нь юмаа мэддэг гэдгийг харуулж чадвал С.Чулуун сайд шиг сайд хэмээн үнэлэгдэнэ. Ингэж чадахгүй хөшигний араас хөгийн улс төр хийж, хэвлэлээр баалахаас хэтрэхгүй суувал нэгдүгээр хүний “зөвлөх” хэвээр л үлдэх билээ.