ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

60 саяын хахууль авсан АТҮТ-ийн хэлтсийн дарга асан Д.Батбаярыг 6 саяар торгожээ

O.Admin
2020-10-14

Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /хахууль авах/-т заасан гэмт хэрэгт Д.Батбаяр /АТҮТ-ийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан/-д холбогдуулан хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт 2020 оны аравдугаар сарын 6-ны өдөр яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялын талаарх прокурорын “6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналтайгаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны аравдугаар сарын 7-ны өдөр хүлээн авсан байна. 

Ингээд 2020 оны аравдугаар сарын 13-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хуульд заасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Батбаярыг нийтийн албан тушаал эрхэлж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Батбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 6,000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. 

Хэргийг сануулбал,  Автотээврийн Үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь Олон улсын ачаа, тээврийн зуучийн эрх олгох тухай тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс тээвэр” ХХК-ийн ачааны машинуудад олгох замаар 2017 оны наймдугаар сард тус компаниас нийт 57,5 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдож байсан юм. Түүний албан өрөөг нэгжихэд дугтуйнд их хэмжээний бэлэн мөнгө хадгалж байсан аж. Түүний  бусдаас хахууль хэлбэрээр авсан хууль   бус орлого болох 62.5 сая төгрөгийг улсын орлого болгосон  билээ. 

Эх сурвалж: zuv.mn