ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Одгэрэл: Мөнгөгүй гэдэгт биш, чадна гэдэгтээ итгэвэл амжилт ирнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-15

Гар урлалыг өөрийнхөө хэмжээнд  хөгжүүлж, бусдад үлгэрлэж буй “Хобби шоп”-ыг үүсгэн байгуулагч Д.Одгэрэлтэй ярилцлаа. Хийж бүтээе гэсэн чинхүү сэтгэлтэй,  шинэ бүхнийг эрэлхийлдэг дайчин  энэ эмэгтэй манай “Хөлсний амт” булангийн нэгэн зочин болсон юм.

-Таны хувьд хэзээнээс гар урлалыг сонирхож эхлэв. Миний санаж байгаагаар шингэн шил гэдэг зүйлийг анх монголд оруулж ирсэн санагдаж байна?

-Намайг тойроод олон гар урчууд бий. Хүүхэд байхаасаа л ийм орчинд өссөн минь өнөөдрийн үйл хэргийн эхлэл юм даа. Аав маань гэрийнхээ бүх тавилгыг өөрөө хийдэг. Ээж маань юм оёдог. Буурай эмээ,  ах минь хүртэл гутал оёдог байлаа. Тэднээсээ аливаа зүйлийг өөрийн гараар хийж болдог юм байна гэдгийг ойлгож өссөн дөө. 1982 онд  Оросын “Өөрөө хийцгээе” гэдэг сэтгүүлийг манай аав судалж байгаад гэртээ душ хүртэл хийж байлаа. Тэр үеийн гэр хорооллын айл паар,  душтэй байна гэдэг ховор зүйл шүү дээ. Миний хувьд анх 2012 онд анх цаасан урлал хийж байгаад энэ урлалаа илүү хатуу,  гарт барихад барьцтай болгомоор санагдсан юм. Цаасаар хийсэн,  ээмэг, зүүлт  бусад урлалаа хатууралах талаар бодож явсаар Турк улсад сурч байхдаа шингэн шил гэдэг зүйлийг  олж харсан юм. Үнэтэй байсан ч өөрийн эрхгүй сонирхол татсан учраас цөөхөн  хэдийг монголдоо  авчирч цаасан урлалаа бүрж эхэлсэн. Хайрлаж хийдэг бүхэн минь илүү бат бөх болчихоор хүн урамшдаг юм билээ. Дараа нь гоёлын лаа хийж сурлаа. 2015 оноос хойш  энэ шингэн шилээр гар урлал хийж байна даа.   Мэдэхгүй, чадахгүй зүйлээ youtube,  онлайн сувгаас   сурчихна. Гэхдээ бэлэн бичлэг хэчнээн үзэж байгаа ч материалаа найруулах,  технологийг нь тааруулах гэх мэтчилэн чухал  зүйлүүд  олон бий.  Таван жил болоход манайхаар маш олон хүн үйлчлүүлсэн. Шингэн шилийг  анх Монголдоо нэвтрүүлснээр  манай залуус жижиг бэлэг дурсгалын зүйлээс эхлээд ширээ, ванн, суултуурыг хийж байна  шүү дээ. Ерөөсөө л хэв нь л байвал хийхгүй юм байхгүй.  

-Үндэсний өв соёлын эд хэрэгслээ монголчууд өөрсдөө хийхийг их эрмэлздэг болж. Таны хувьд үндэсний хэв маягийг харуулсан ямар бүтээлийг  энэ материалаар хийж байгаа вэ?

-Олон бүтээгдэхүүнийг монголчилж гаргасан. Эдгээрээс хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь  бидний уламжлалт шагай. Малын шагайг хил, гаалиар гаргадаггүй болохоор хиймэл шагай хийе гэж бодсон. Гадаад хүмүүс гэлтгүй монголчууд  ч өөрсдөө өв соёлоо эрхэмлэн авдаг л даа.  Саяхан хүртэл ааруулаар шагай хийсэн гээд соошлиор түгээж байсан. Бас л болж л байна. Манай залуус шинэлэг зүйлийг  маш их  эрэлхийлж байгаа нь сайхан санагддаг.

-Манай улсад худалдаалж байгаа бэлэг дурсгалын зүйлийн ихэнх нь хятадаас орж ирдэг. Гэтэл бидэнд боломж  байхад яагаад  өөрсдөө хийдэггүй юм бэ?

-Миний хувьд ажлынхаа хажуугаар аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг. Үүний гол зорилго нь тухайн аймгийн гар урлал,  бэлэг дурсгалын зүйлийг судлах зорилготой.  Ингэж явахад чиний хэлснээр манайд борлуулж буй бэлэг дурсгалын зүйлсийн ихэнх нь гаднаас,  тэр дундаа урд  хөршийн бүтээгдэхүүн байсан нь үнэн. Тэдгээр барааг  худалдаалж байгаа хүмүүст “Энэ бэлэг дурсгалын зүйлийг хийдэг бүх материалууд манайд бий. Та дэлгүүртээ худалдаа хийхийн хажуугаар бараагаа өөрөө хийгээд суух боломжтой” гэж хэлдэг. Одоо хил хаачихсан болохоор зарим нь бараагаа татаж чадаагүй байсан. Тийм болохоор  өөрсдөө гар урлалаа хөгжүүлэхийн хажуугаар хямд өртгөөр бараагаа хийгээд байх бүрэн боломжтой. Сувинер хийдэг материал тухайн хэвэндээ цутгаад хоёрхон  минутын дотор хатдаг учраас маш хялбар. Хэв авдаг силикон, цутгуур, хатаагч гээд бүх  юм нь л  бэлэн байна  шүү дээ. Материал гэдэг чинь  бидний хийсэн зүйлийн 10 орчим хувийг  л эзэлдэг. Тиймээс зарж борлуулж,  өөртөө асар их оюуны болон эдийн засгийн хөрөнгө оруулалт  хийж байна гэсэн үг. Магадгүй бид үйлчлүүлэгч, худалдан авагчдад яагаад шууд газар дээр нь арт хэлбэрээр хийж өгч болохгүй гэж. Тийм биздээ. Таны үйлчлүүлэгч таныг өөрөө хийж байгааг нүдээрээ хараад худалдаж авбал илүү сэтгэл хангалуун  байна.  Хүмүүсийн хамгийн сайн мэддэг нүд, ам,  чихээ дарчихсан сармагчин, хүүхдийн дүрсийг  хэдхэн минутын дотор цутгаад гаргаад  ирнэ. Энэ болгоныг заавал хятад улсаас аваад байх шаардлагагүй.  Усан дээр зурдаг урлал гэж байгаа. Энэ бас л аравхан  минутад гарна. Бидэнд үнэхээр боломж асар их бий. Харамсалтай нь ашиглаж чадахгүй, бэлэнчлэх сэтгэлгээ нь давамгайлчихсан байгаад  учир байгаа.

-Магадгүй коронавирусийн халдвар намжихад,  манай улсад аялах жуулчдын тоо эрс нэмэгдэх байх. Гар урлалаа өөрсдөө хийдэг болчихвол эдийн засагт ээлтэй байх нь ээ?

-Би ч гэсэн тэгэж харж байгаа. Цар тахал  намжаад  манай орныг гадны жуулчид зориод ирэхэд дотоодын гар урлал боломж нь байхад  хөгжөөгүй байвал яах бол гэдэг бодол өөрийн эрхгүй төрдөг. Манайхаас монгол хэв маягийн бэлэг дурсгалын зүйлийг сонирхоно уу гэхээс, хятад бараа аваад  яах юм. Муугаар хэлэхэд  манайхаас бусад  орон гар урлалыг маш их хүндэтгэдэг. Манайд мөнгө олох боломж маш их бий. Гэтэл ихэнх нь гадагшаа гарч мөнгө олно гэж боддог болохоос дотооддоо өөрсдөө юм хийгээд борлуулах талаар  төдийлөн боддоггүй.  Бид өөрсдөө эрэлхийлдэггүй, зориглодоггүй, бүтээлчээр сэтгэдэггүй учраас гадагшаа л тэмүүлээд байдаг. Гэхдээ нэг сайхан зүйл нь,  шинэ үеийн хүүхдүүд бидний үеийг бодвол маш бүтээлч сэтгэлгээтэй болсон. Тэд нэгэндээ бэлэг  өгөхдөө надаас худалдаж  авъя гэхээс илүү  “би өөрөө хийгээд бэлэглэе, та надад заагаад  өгөөч” гээд,  надаас сургалт авч байна.  

-Оюуны өмчийг их чухалчилдаг болсон шүү дээ. Гэтэл таниас сурсан ч гэсэн таны хийсэн зүйлийг дуурайлгаж хийвэл та үгүйсгэхгүй гэж ойлгож болох уу?

-Зарим хүмүүс намайг  “бусдад битгий зааж өгөөч ээ” гэдэг л дээ. Тийм биш. Хүн бүр өөрийнхөө хэрэгцээнд зориулж өөр загвар,  дизайнаар гаргадаг болохоор  нэг их эмзэглээд байдаггүй. Надтай адил хийж  л байг. Тэр чинээгээрээ гар урлал хөгжинө шүү дээ. Ер нь одоохондоо манайд  зарим зүйлд оюуны өмч гэж ярихад хэцүү. Яагаад гэвэл манайх  хөгжиж буй орон болохоор гар урлал дагаад л хөгжих хэрэгтэй. Олон хүн сурч л байвал тэдгээр хүмүүсээс янз бүрийн гоё санаанууд урган гарна шүү дээ. Дархан хүн бурхан ухаантай гэдэг  монголын сайхан зүйр цэцэн үг байдаг шиг хийсэн зүйлээ яаж илүү хөгжүүлэх вэ гэх мэтээр тархи ажиллаж байдаг. Гар урлал маш гоё зүйл.

-Сургалтын тухайд мэдээлэл өгөөч. Уншигчид сонирхож магадгүй?

-Сургалтын хувьд бүх хүнд нээлттэй. Манай дэлгүүр “Содон бөмбөгөр” худалдааны төвийн гурван давхарт байрладаг. Өглөө 10-12 цагийн хооронд хүссэн сургалтаа авч болно. Гэхдээ эхлээд “би яг юу сурах гэж байгаа. Юу хийх гэж байгаа вэ” гэдэг зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Манайд  янз янзын насны,  төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс ханддаг. Тэтгэвэртээ гарчихсан хөгшчүүд хүртэл өөрийгөө тайван байлгах гэж гар урлал хийж сурдаг бол зарим нь орлоготой болохын төлөө сурдаг. Гар урлалыг “хэцүү,  би хийж чадахгүй байх” гэж хүмүүс боддог нь буруу. Хэн нэгнээр заалгаад,  өөрөө хийж дадлагажаад ирэх юм бол нэг мэдэхэд л  сурчихсан байдаг.  Хийж байгаадаа дурладаг. Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй, сонсголгүй хүүхдүүдэд сайн дураараа сургалт хийж,  тэдэнтэй хамтран  хэд хэдэн удаа үзэсгэдэн гаргаж байсан юм. Тэдгээр хүүхдүүд үнэхээр гайхамшигтай. Яагаад гэвэл тэдгээр хүүхдүүдэд математик,  хими, физик сонин биш. Амьдрал дээр гараад  өөрийн гараар хийгээд зарж борлуулах зүйлүүд сонирхолтой байдаг учраас үнэхээр сэтгэлээсээ сурж чаддаг. Өөрийгөө дайчилж чаддаг. Эдгээр хүмүүс амьдрахын  тулд сурдаг бол сэхээтнүүд,  ажилтай боловсролтой хүмүүс өдөр тутмын ажлын стрессийг тайлахын тулд сурдаг. Нэг өдөр манайд том доктор, профессор хүн ирээд “ах нь маш их стресстэй байна. Хүмүүс сураад  байх юм. Би ч бас суръя. Олон юм бодохгүй стресстээд байх юм” гэж ирсэн. Надаар заалгаад явсныхаа дараа нэг ирэхдээ, “ах нь бизнес эрхэлж байгаа” гээд инээчихсэн, цоглож явж байсан. /инээв/. Энэ мэтчилэн олон жишээ бий. Гар урлал техник технологи хөгжөөгүй байхад байж л байсан. Одоо ч байна. Бүх дэвшилтэд технологи сөнөсөн ч гар урлал байж л байна.

-Хүмүүсийн хандлага бас өөрчлөгдсөн  байна шүү. Гадны юм гэхээс илүү дотоодын үйлдвэрлэлээ их дэмждэг,  үнэ цэнийг ойлгодог болчихож. Энэ таны гар урлалд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Коронавирус гарахад л ойлголоо. 1990-ээд он буюу зах зээлд орж байх үед хүмүүс Эрээнээс маш их бараа зөөдөг  байлаа. Тэр үед би хятадын хилийг хаачихаасай гэж их боддог байж билээ /инээв/. Ээж бид хоёр юм оёчихоод  борлуулж чадахгүй, хүмүүс эрээний бараа руу хошуурахад гутардаг байсан юм. Үнэхээр тэр үед хятадын бараа монголын үйлдвэрлэгчдийг дарангуйлдаг байсан. Тухайн үед ээжийнхээ бүтээлүүдийг Турк улсад хийсэн гэж зардаг байсан /инээв/. Үнэхээр  “Миний ээж Туркийн үйлдвэр шиг ийм гоё бүтээл хийчихээд Монгол гэж зарахад яагаад  авдаггүй юм бол гэж дотроо уйлдаг байлаа. Гар хийц гэхэд хүмүүс ярвайгаад явчихдаг байсан.  Гэтэл корона гарч, хил хааснаар монголчууд эргээд гараараа юм хийх хүсэлтэй болсон нь харагдсан. Харин одоо бидний эрин үе эхэлсэн байна. Монголдоо үйлдвэрлэсэн гар хийц гэхээр  магтаад л авдаг  болсон. Найман жилийн хугацаанд танилцсан хүмүүсээ харахад дандаа бүтээлч хүмүүстэй нөхөрлөсөн байдаг юм билээ. Цагийг дэмий үрэх биш,  үргэлж аливааг хийе, бүтээе гэсэн давилуун сэтгэлтэй хүмүүстэй найз болчихдог.

-Аливаа зүйлийг хийдэг,  бүтээгдэг,  зохиодог, урладаг хүмүүсийн сэтгэлгээ хязгааргүй юм  шиг санагддаг. Таны хувьд бүтээлийнхээ санааг яаж олж авдаг вэ?

-Би өөрөө дизайнер хүн биш л дээ. Өөрийнхөө хүслээр хийдэг учраас гадны сайтаас санаа авч,  монголчилдог гэх үү дээ. Нөгөө талаас надад захиалга өгч байгаа хүмүүс биднийг маш их хөгжүүлж өгдөг. Ийм загвар хийгээд өгөөч гэхээр нь хийж үзээгүй ч гэсэн хийгээд үзье гэж боддог. Миний охин дизайнерийн мэргэжилтэй. Охинтойгоо хамт үүнийгээ хөгжүүлнэ дээ. Олон жил хөдөлмөрлөсний эцэст дэлгүүртэй боллоо. Энэ чинь олон хүний буян юм даа.  Хамгийн сүүлд элсээр зурдаг урлалийг оруулж ирсэн. Энэ урлал Францаас үүсэлтэй атлаа хятад улсад нэлээд хөгжсөн. Хятадад Буддийн бурханыг том томоор нь зурчихсан байдаг юм билээ.  Манайд ингэж хийсэн бурхан байхгүй гэж нэг ламаас сонссон учраас ганц том бүтээл хийж буян болно гээд төлөвлөчихсөн байгаа. Гэхдээ бурханыг хамаагүй хийж болдоггүй. Наад зах нь  өдөр судраа харж байж эхлүүдэг учир,  нэг сайхан өдөр  эхлүүлнэ дээ. Мэдээж би ганцаараа хийхгүй, хамт хийх ламаа ч сонгоно.

-Шинээр үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй иргэдэд санхүүгийн бэрхшээл гэх том хаалт байна шүү дээ?

-Хэн нэгэнд найдахгүйгээр өөртөө л  итгэх ёстой. Аливаа зүйлийг эхлүүлэхэд санхүүгийн бэрхшээл заавал үүсдэг. Надад ч бас энэ асуудал байсан. Намайг ажлаа эхлүүлж байхад надад хэн ч итгэж зээл өгөөгүй.  Банкинд очиход барьцаа хөрөнгө шаардана. Анх цаасан урлалаа хийж байхдаа үзэсгэлэнд оролцох гэж ээжийнхээ таван гахайг зараад түрээсийн 250 мянган төгрөг өгч байлаа. Хоол авахдаа, таксинд үйлчлүүлэхдээ хүртэл өөрийн хийсэн бүтээлээрээ бартер солилцоо  хийдэг байлаа. Хүн ер нь мөнгөгүй гэдэгтээ итгэчихдэг юм билээ. Тэгэж болохгүй, би чадаж байна гэдэгтээ  л итгэх хэрэгтэй. Аливаа зүйлийг  бодож эхлүүлсэн бол  хэзээ ч битгий шантраарай  гэж залууст хэлмээр санагддаг юм. Гэхдээ одоо цаг үе өөр болжээ. Залуус хороо, дүүрэгтээ хандаад ЖДҮ-ийг дэмжсэн хүүгүй зээл, буцалтгүй тусламж олгодог олон боломж бий болсон. Миний хувьд ажлаа эхлүүлснийхээ дараа нэг сая төгрөгийн буцалтгүй тусламж авч байсан нь үнэхээр том дэмжлэг болсон.