ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Орон нутгийн сонгуулиар хамгийн их саналыг УИХ-ын даргын зөвлөх З.Төмөртөмөө авчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-16

Орон нутаг буюу НИТХ-ын төлөөлөгчдөөс хамгийн олон санал таван нэр дэвшигчийг нэрлэж байна. Тухайлбал, УИХ даргын зөвлөх З.Төмөртөмөө, Л.Ариунтуяа, Ж.Батбаясгалан, П.Наранбаяр, Ц.Төрхүү хамгийн их санал авсан аж.

З.Төмөртөмөө:

-Тэрбээр Орон нутгийн сонгуульд МАН-аас Чингэлтэй дүүрэг буюу 17 дугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан юм. УИХ-ын даргын зөвлөх З.Төмөртөмөө 11707 хүний саналаар нийт нэр дэвшигчдийг тэргүүлжээ. Түүний хувьд УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаад багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд олон нийтийн дунд туршлагатай менежерийн нэг хэмээн үнэлэгддэг билээ.

Л.Ариунтуяа:

-Тэрбээр энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар 11610 хүний саналаар удаах байрыг эзэлжээ. Түүний хувьд Чингэлтэй дүүрэг буюу 17 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулав.

Ж.Батбаясгалан:

-Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэж буй Ж.Батбаясгалан Орон нутгийн сонгуулиар 11363 хүний саналаар гуравдугаарт жагслаа. Түүний хувьд Орон нутгийн сонгуулиар хэл аманд нэлээд өртөж, дуулиан, шуугианы эзэн болж байсан удаатай. Түүгээр ч зогсохгүй, 1.5 сая хүнтэй нийслэлийг удирдах чадваргүй хэмээх үнэлгээг авсан ч Баянгол дүүрэг буюу хоёрдугаар тойрогт олонхийн санал авч, сонгогджээ.

П.Наранбаяр:

-Түүний хувьд “Шинэ Монгол” сургуулийн захирал, ХҮН-ын нарийн бичгийн даргаар ажилладаг бөгөөд Орон нутгийн сонгуульд нийтдээ 11112 саналыг авч чадсан билээ. Түүний хувьд Баянзүрх дүүрэг буюу тавдугаар тойргоос сонгогдлоо. П.Наранбаярын хувьд олонхийн санал авч, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон нь энэ удаагийн сонгуулийн онцлог байж чадлаа. Түүний хувьд 2020-2024 онд НИТХ-д сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээр боллоо.

Ц.Төрхүү:

-МАН-аас Орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүрэг буюу есдүгээр тойрогт нэр дэвшиж, 11112 хүний саналаар ялалт байгууллаа. Тэрбээр Ус сувгийн удирдах газрын даргаар ажиллаж байгаад сонгуулийн өмнө ажлаа өгсөн юм.