ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Доржханд: "ХҮН" аль ч намтай эвсэхгүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-19

Өнөөдөр Төрийн ордонд ХҮН-ын гишүүд болон УИХ-ын гишүүн Т.Доржханд орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ удаагийн сонгуульд тус намаас гурван хүн сонгогдсон бөгөөд сөрөг хүчин яаж ажиллахыг харуулна гэлээ. Мөн түгжрэлийн асуудлыг шийдэхэд бүх талаар хамтран ажиллана гэдгийг ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр хэлсэн юм.

 

Харин УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

"Манай нам төр засгийн шийдвэр гаргах бүх шатанд  төлөөлөлтэй болж чадлаа. Биднийг дэмжсэн та бүхэнд баярлалаа. Манай нам аль ч шатанд бусад намтай хамтарч, эвсэж ажиллахгүй. Харин зөв зүйлийг нь дэмжиж, ажил хэрэгч байдлаар хандаж, шаардлагаа тавьж ажиллана. Бид хүндээ ээлтэй нийслэл, дүүрэгтэй болгох чиглэлд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж шударга сөрөг хүчин байж ажиллах болно. Сонгуулийн байгууллагууд ирцийг идэвхжүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй. Иргэд хэдэн саналаа хэнд, хаана очиж өгөхөө ч мэдэхгүй байна. УИХ-ын сонгуулийг олимпын дайтай, орон нутгийн сонгуулийг параолимп байдлаар, хүмүүс сонирхдог байдлаар дизайн хийж явуулж байя. Тиймээс ХҮН-аас сонгуульд олон хүн оролцдог, олон сонголттой байх боломжийг нээх чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна гэсэн хүлээлттэй байгаа" хэмээлээ.