ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Shame

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-10-21

“Ардчиллын амин сүнс болсон баянголчууд аа. Бид бүхэн нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээх гэж байна. Энэ бол 2020 оны орон нутгийн сонгуульд МАХН, Ардчилсан нам, ШИНЭ намууд хамтран оролцож буйгаараа онцлог юм. МАН-ынхан хулгай, луйвар, дээрмээ үргэлжлүүлэх гэж маш их хичээж байна.

Гэхдээ бид бүхэн аравдугаар сарын 15-ны өдөр МАН-ын луйвар, булхай, дээрмийг таслан зогсоож чадна гэдэгт итгэж байна” хэмээн индэр дээрээс хоолойгоо шахаж, мэдээлэл хийж байсан МАХН-ын Мянгатын дарга Э.Магнайбаяр энэхүү мэдэгдлээсээ хойш сар хүрэхгүй хугацааны дараа МАН-д элсэв. Угтаа хулгай, дээрэм, луйвраа үргэлжлүүлэхээр Баянгол дүүрэгт 20 суудал авсан МАН-д гишүүнээр элсэж, дээрмийн хэргийн хамсаатан болох сонголт хийжээ, тэр.

МАХН-ын Мянгатын дарга Э.Магнайбаяр гэгчийн хувьд чухамдаа үзэл бодол, үнэт зүйл гэж өчүүхэн ч байхгүй шинэ үеийн цүнх барьсан урвагчдын нэг гэдгээ бодитоор харууллаа. Нөхдийнхөө араас өчиггүй хутгалчихаад зугтаж чадах Түгжил гэдгээ ч харуулав. Гэтэл энэ нөхөр “Урвах юу байх вэ дээ. Би НАМЗХ-ны гишүүн байсан нэгэн. Намайг дэмжсэн иргэдийнхээ төлөө ийм үйлдэл хийсэн юм. Энэ дүүрэг бол АН-ын гишүүдийн дүүрэг биш” хэмээн өөрийгөө зөвтгөхийг хүссэн ч баянголчууд өнөөдөр түүнийг “урвагч” гэсэн бичигтэй, өндөг шидэн угтаж байх юм. Өөрийн жижигхэн эрх ашгийн төлөө “ардчиллын амин сүнс болсон баянголчууд аа” гэсэн нялуун үгнээсээ урваж, урвагч хулгайч хэмээн нэрлэж байсан МАН-д элсэж нэр төрөө барсан энэ залуу цаашдаа хэрхэвч улс төрийн том шатаар өгсөж болохгүй нөхөр гэдгээ үгээрээ ч, үйлдлээрээ ч харуулах нь тэр.

 

...Нөхдийнхөө араас өчиггүй хутгалчихаад зугтаж чадах Түгжил гэдгээ ч харуулав. Гэтэл энэ нөхөр “Урвах юу байх вэ дээ. Би НАМЗХ-ны гишүүн байсан нэгэн. Намайг дэмжсэн иргэдийнхээ төлөө ийм үйлдэл хийсэн юм...

 

Өөрийнх нь хэлсэнчлэн Э.Магнайбаяр бол МАХН, АН, ШИНЭ намуудын эвслээс дүүрэгт нэр дэвшсэн. МАН-ын мянга, мянган гишүүд дэмжигчид биш Ардчилалд, Хувьсгалт намд, ШИНЭ-д итгэдэг мянга, мянган хүн түүнийг сонгосон билээ. Түүний нэр дэвшсэн тойрогт АН хүнээ илгээгээгүй учраас тэр АН-ын гишүүдийн дэмжлэгээр гарч ирж, харин МАН-аас нэр дэвшигч нь унасан. Гэтэл тэдгээр олон мянган иргэдийнхээ дэмжлэгийг 220 мянган хүний эрх ашиг гэсэн хөгийн тайлбараар зөвтгөж, “Оргил”-ын Ж.Ганбаатарын багийнханд төрсөн биеэ, түмэн олны дэмжлэгээ ч худалдчихав. Үзэл бодол үнэт зүйлгүй “шившиг”-үүдийн нэг гэдгээ ч харуулав. Монголд улс төрийн соёл, улс төрд бэлтгэгдэж буй хэн бүхэнд наад захын ёсзүй, хүн чанар түй ч байхгүй гэдгийг энэ нөхөр харуулж өглөө. МАН урвагчдаар армиа бүрдүүлэв. Хэвлэлийн салбарт ажиллаж байхдаа ч хэн нэгний эхлүүлсэн бүтээлийг нөгөө телевизэд ажилд орохдоо ашиглаж орхисон увайгүй нөхөр гэдгийг нь хамт ажиллаж байсан найз нь бичжээ.