ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төсөв: Ч.Хүрэлбаатар нутгийнхандаа гомдож, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр зангаргаа харуулав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-10-21

УИХ-аар яг одоо 2021 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх гэж байна. Тойргоос сонгогдсон улстөрч бүхэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан өрөөг сахиж сууснаараа илүү төсөв авч чаддаг зарчим ёсоор У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар нар эдгээр өдрүүдэд үнэд орж, үүдэндээ хадаг сүүтэй хүмүүсийг жагсаалаа. Тэгвэл 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хуваарилсан төсвийн мөнгө эхнээсээ шүүмжлэл дагуулж эхлэх нь тэр.

Аль аймагт ямар нам ялснаас, хэн гэж дарга эрх мэдэлтэй байгааг шууд утгаараа нотлон харуулсан төсвийн хуваарилалт жинхэнэ утгаараа “шог” байгааг нуух юун. Тухайлбал, аялал жуулчлалын түүхэн бүтээн байгуулалт хийх нэрийдлээр сүүлийн хоёр жил улсын төсвөөс хамгийн их мөнгө авч буй Хэнтий аймаг өнөө жил ч хотын томоохон дүүргээс ч хол давсан төсвийг авах нь ээ. Улаанбаатар хотод нийтдээ 334.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг нийслэлийн есөн дүүрэгт хуваахад нэг дүүрэгт 34 тэрбум төгрөг оногдож байх аж. Хүн амын тооноос шалтгаалаад энэ мөнгө зарим дүүрэгт ялгавартай очих нь тодорхой билээ.

 

...Аялал жуулчлалын түүхэн бүтээн байгуулалт хийх нэрийдлээр сүүлийн хоёр жил улсын төсвөөс хамгийн их мөнгө авч буй Хэнтий аймаг өнөө жил ч хотын томоохон дүүргээс ч хол давсан төсвийг авах нь ээ. Улаанбаатар хотод нийтдээ 334.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг нийслэлийн есөн дүүрэгт хуваахад нэг дүүрэгт 34 тэрбум төгрөг оногдож байх аж...

 

Гэтэл гурван дүүргийн мөнгийг нийлүүлэх хэмжээний их буюу 125.8 тэрбумыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар өөрийн тойрогтоо суулгасныг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Томоохон бүтээн байгуулалт хийх учраас үргэлжлүүлэн суулгасан” гэсэн үгээр халхавчлаад өнгөрч байх юм. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын тойрог болох Баянхонгор аймаг жагсаалтын гуравдугаарт буюу 124.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт суулгасан байв. А.Адъяасүрэн гишүүний хэлсэнчлэн хонгор нутагт тусгай мөнгөний бодлого хэрэгжүүлэв бололтой, тэд.

Гэтэл сонгуулийн өмнөх жил Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хамгийн их санхүүжилтийг Увс аймагт татаж байсан бол энэ жил жагсаалтын хамгийн сүүлд тавьж, 17 тэрбум төгрөгийг л нутагтаа төсөвлөжээ. Сонгогдсон тойрогтоо ийнхүү хатуурхах болсон шалтгаан нь тодорхой. Учир нь Ч.Хүрэлбаатарын фракци, Б.Чойжилсүрэнгийн фракци Увсад орон нутгийн сонгуулиар тулаанд орж, энэ тулаанд Ч.Хүрэлбаатарын фракци ялагдчихаж. Үүнд хорссон Сангийн сайд нутагтаа хамгийн бага мөнгө төсөвлөж хорслоо тайлсан бололтой.

Мөн орон нутгийн сонгуулиар ардчилал ялсан Булган аймаг хамгийн бага буюу ердөө есхөн тэрбум төгрөгөөр 2021 онд аймгаа хөгжүүлэх шаардлагатай болов. Мал аж ахуйн өндөр өсөлттэй, зуд тэр бүр болоод байдаггүй, аялал жуулчлалын гол бүс нутаг болох бүрэн боломжтой атлаа төрийн бодлогоос цаг ямагт гээгдэж байдаг булганчууд ардчиллыг сонгосон алдаагаа ирэх дөрвөн жилд үүрэх нь тодорхой болов. УИХ-д нь хэдийгээр МАН-ын хоёр түшээ сонгогдсон ч цэнхэртүүлж орхисон нутгийн иргэдийнхээ төлөө хуруугаа ч хөдөлгөхийг хүсээгүй гэдгээ үйлдлээрээ харуулжээ. Тиймээс аргаа барсан иргэд цаашдаа 21 аймгаа төгс хөгжүүлэхийн тулд аймаг, орон нутаг бүрээсээ төрийн гурван өндөрлөг, Сангийн сайдаа ээлжилж сонгох саналыг ч гаргаж байх юм. Төрийн бодлого бүсчилсэн хөгжил бус хэн төрийн толгойд байна гэсэн жалга довны үзлээр шийдэгддэг болсон учраас үүнээс өөр гарц ч харагдахгүй байх нь аргагүй билээ.

2021 оны хөрөнгө оруулалт аймаг, нийслэл

Д\д

Аймаг

Төсөв

/Сая төг/

Хэн УИХ-д сонгогдсон

1

Улаанбаатар

334.599

МАН эрх барьж байгаа

2

Хэнтий

125.827

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ  

3

Баянхонгор

124.533

Г.Занданшатар, А.Адъяасүрэн, Д.Ганбат

4

Дундговь

52.289

Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин

5

Хөвсгөл

50.550

Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар

6

Сүхбаатар

47.460

Ж.Батсуурь, Н.Ганибал

7

Завхан

41.490

Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан,

8

Төв аймаг

40.602

Ц.Туваан, Н.Энхболд, Ж.Батжаргал  

9

Архангай

39.527

Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат

10

Ховд

38.521

С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа

11

Баян-Өлгий

38.257

Б.Бейсен, Т.Аубакер, Х.Баделхан

12

Дархан-Уул

32.488

Г.Дамдинням, Б.Баттөмөр, Б.Жавхлан

13

Говь-Алтай

29.141

Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан

14

Дорнод

27.121

Х.Болорчулуун, Ц.Сэргэлэн

15

Орхон

20.786

Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Батлут

16

Өвөрхангай

20.267

С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд

17

Дорноговь

19.028

Г.Мөнхцэцэг, Сү.Батболд

18

Сэлэнгэ

17.982

Ч.Ундрам, Д.Өнөрболор, Ж.Эрдэнэбат

19

Увс

17.581

Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл, Б.Чойжилсүрэн

20

Өмнөговь

14.686

Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ

21

Говьсүмбэр

11.072

Г.Мөнхцэцэг, Сү.Батболд

22

Булган

8.493

Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ