ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-аас НИТХ-ын 15 дугаар тойрогт ялсан Х.Болормаа нар мөнгө тараасан уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-10-21

Тагнуулын Ерөнхий газарт НИТХ-ын 15 дугаар тойрог, Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороодод АН-аас нэр дэвшигч Х.Болормаа, Б.Эрдэнсүх, н.Билгүүн нар мөнгө тараасан байж болзошгүй гэх хэргийг шалгуулахаар иргэний төлөөлөл ханджээ. Тодруулбал, эдгээр нэр дэвшигчдийн төлөөлөгч гэх хүмүүс хүмүүст саналыг нь авахын тулд 20.000 төгрөг тараасан гэх дүрс бичлэг, фото зураг, аудио болон видео дүрс бичлэг зэргийг хавсарган өгсөн гэх мэдээлэл манай сайтад ирлээ.

Уг албан бичигт:

  1. Ардчилсан намын гишүүн, иргэн Ариука /бүтэн нэрийг мэдэхгүй/ гэгч  нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны  Хангайн 3-77 тоотод оршин суух иргэн Б. Долгортой  утсаар хэд хэдэн удаа холбогдож “Хэнд саналаа өгөх өө мэдэж байгаа биз дээ, Болормаа, Билгүүн, Эрдэнэсүх... үлдсэн нэг нь хэнд ч хамаагүй өгч болно оо, ...машинаараа очиж авч санал өгөх байр руу хүргэж өгөх,... саналаа өгөөд гараад ирэхээр нь гэрийнх нь гадаа очиж мөнгөө өгнө” гэх зэргээр маш ойлгомжтой байдлаар иргэний саналыг худалдан авах тухай ярилцсан ярианууд бичлэгт үлджээ.
  2. Түүнчлэн Ариука гэх 68-72 УБҮ улсын дугаартай автомашины жолооч Б.Долгороор дамжуулан тухайн хорооны иргэн Батчимэг, Болороо нарт тус бүр 20.000 төгрөг өгч саналыг худалдан авсан тухай  Б.Долгор / гэрчилж байдаг.
  3. Энэ нь Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Болормаа, Б.Эрдэнэсүх, Билгүүн нар нь  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн заалтуудыг тус тус зөрчиж иргэн сонгуулийн эрхээ эдлэхэд саад учруулж санал худалдан авсан үйлдлийг газар дээр нь Монгол Ардын Намаас нэр дэвшигчийн шадар туслах баримтжуулан авч 2020.10.15-ны өдрийн 19 цагийн орчим цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг.
  4. Дуудлагын дагуу цагдаагийн бүрэлдэхүүн тухайн хэргийн газарт үзлэг шалгалт хийж, мөнгө авсан болон өгсөн хүмүүсээс тайлбар мэдүүлэг авч баримтжуулсан нь хэргийн материалд авагдасанд эргэлзэхгүй байна.

Иймд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуурлын сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудын тодорхой  заалтуудыг зөрчиж байх тул нэн яаралтай хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсье хэмээжээ.