ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Бат-Эрдэнэ: “Кофе шоп”-ынхоо хажуугаар ахлах ангийн сурагч, оюутан залууст чөлөөт сэдвээр сургалт хийхийг зорьж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-22

Цастай, жиндүүхэн өдөр кофегоор дайлуулангаа “LOTUS” кофе шопыг  үүсгэн байгуулагч Б.Бат-Эрдэнэтэй олон зүйлийн талаар ярилцлаа. Үйлчилгээний байгууллага эрт онгойвол өглөө бүр олон ажил амжуулна даа гэдэг бодолтой хүмүүс их байдаг байх. Тэгвэл их хотын завгүй, ажил хэрэгч хүмүүст зориулж LOTUS” кофе шоп өглөөний 06:00 цагт онгойдог аж.  Өглөөний сэргэг үедээ уулзалт, чухал ажлаа амжуулах эртэч соёлыг энэ залуу түгээж эхэлжээ.

-Хотын иргэдэд хэрэгтэй үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн нь сайхан санагдлаа. Яагаад кофе шоп нээх болсон талаар ярилцлагаа эхлүүлье?

-Сүүлийн 10 жил манай улсад кофены соёл их дэлгэрч байна. Миний хувьд, мөн залуус ч кофег зохистой хэрэглэдэг болсон учраас өөрийн гэсэн кофе шоптой болох хүсэлдээ хөтлөгдсөн юм. Нөгөө талаас манайд өглөө эрт онгойдог үйлчилгээний газар бараг байхгүй гэж хэлж болно. Өглөө эрт ажил амжуулчихмаар байдаг, хүнтэй уулзчихмаар үе байдаг. Гэтэл  өглөө эрт ажил хэргийн уулзалт хийх гэхээр орох газар олдоггүй шүү дээ. Судлаад үзэхэд өглөө  7:30 минутад онгойдог газар байсан л даа. Гэхдээ түүнээс илүү эрт онгойдог өглөөний хоолтой, кофе шоп байгаагүй учраас 06:00 цагт онгойж хүмүүст үйлчилдэг болсон юм. Манайх анх тавдугаар сард кофе шопоо нээсний дараа нь өглөө эрт онгойдог үйлчилгээний газрууд ганц, хоёр нэмэгдсэн байсан. Гэхдээ үүнийг өрсөлдөөн  гэж харахаас илүү давуу тал гэж харж байгаа. Улаанбаатар хот жил ирэх тусам, томорч,  соёлжиж байна. Манай залуус ч бас их эртэч болсон. Өглөө эрт сургалт,  фитнест явахдаа юм идэлгүй гарч байна. Энэ бүгдийг хараад эрт  онгойдог  өглөөний цайтай газар байх хэрэгтэй юм байна гэж харсан л даа. Харин хүмүүс оройн цагаар кофе төдийлөн хэрэглэдэггүй учраас 20:00 цагаас хаадаг.

-Азийн орнуудад хүнсний зах л гэхэд үүрээр  04:00 цагт онгойдог. Өглөө эрт онгойдог үйлчилгээний газар олон байх тусам хүмүүсийн ажлын бүтээмж ихэсдэг шүү дээ?

-Тийм шүү. Сүүлийн жилүүдэд өглөөний клуб их болж. Мөн  амралтын өдрүүдэд өглөө ууланд алхдаг хүмүүс их болсон. Тэдгээр хүмүүст бас хэрэгтэй шүү дээ. Ууланд гарахаасаа өмнө кофе,  өглөөний хоол, цайгаа ууж идээд гарвал их зүгээр юм билээ. Надад  ч гэсэн ийм зүйл тохиолдож байлаа. Өглөө хүний тархи хамгийн сэргэг байдаг учраас та олон зүйлийг уншиж, танин мэдэж мэдэж болно. Ядаж л ажил дээрээ хуралтай,  хичээлдээ шалгалттай бол манайхаар ирээд өглөөний цайгаа уунгаа тархиа сэргээж чадах байх. Илүү ажил хэрэгч сонголт гэх үү дээ. Ер нь ажил хэргийн уулзалт хийх гэхээр ресторан хэт албархаг юм шиг санагддаг.

-Өглөөгүүр ихэвчлэн ямар хүмүүс үйлчлүүлж байна. Та энэ хугацаанд ажиглав уу?

-Одоогийн байдлаар өглөө 06:00-06:10 минутын хооронд эхний үйлчлүүлэгч орж ирдэг. Бизнес эрхлэгчдээс гадна урлагийнхан түлхүү орж ирнэ. СУИС-ийн багш нар,  Ардын жүжигчин, гавьяатууд олноороо үйлчлүүлж байгаад баярладаг юм.

-Тохижилт нь хүний анхаарлыг татахаар гоё загварлаг юм. Энэ шийдлийг яагаад сонгосон бэ?

-Манай кофе шоп Тавдугаар сургуулийн автобусны буудлын ар талд байрладаг. Энэ хэсэг  Аттатуркийн буюу Турк улсын соёлыг харуулсан нэрэмжит гудамж учраас кофе шопынхоо тохижилтыг ингэж хийсэн гэж хэлж болно. Манайд байрлуулсан сувинерууд ихэвчлэн энд тэндээс шилж сонгосон эдүүд бий. Бэлэгний ч эдлэл бий. Мөн  Австрали улсад амьдарч байсан эгч зарим зургийг өгсөн. Тэр эгч маань мөн Гачууртад “LOTUS” хэмээх хүүхдийн асрамжийн төвтэй. Манайх удахгүй асрамжийн төвийн зураг,  танилцуулгыг эндээ байршуулж, хандивын үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байна. Магадгүй үйлчлүүлэгчид  тэдгээр хүүхдүүд рүү анхаарал хандуулах ч юм билүү. Тийм биз  дээ. Бас зураачид манайд уран зургаа байрлуулаад зарж ч болно.

-Үнийн хувьд боломжийн юм байна шүү?

-Байгууллагын түрээс, орчноос хамаараад үйлчилгээний үнэд нөлөөлнө. Манай энэ хавийн үйлчилгээний байгууллагууд ер нь л дундаж үнэ ханштай. Түүнээс гадна оюутан,  сурагчид, их үйлчлүүлдэг учраас өндөр үнэлгээгээр кофе,  бусад хоол,  сендвичээ борлуулахыг бодоогүй. Эрүүл хооллолтыг эрхэмлэдэг учраас сендвичэндээ хиам, биш тахианы мах ашигладаг  байх жишээтэй. Мэдээж мэргэжлийн хяналтын  байгууллагын зөвшөөрсөн бичигтэй. Түүхий эд,  хоолны материалаа найдвартай газраас авч байна. 

-Цаашид өөр салбар нээх үү?

-Надад олон хүн “Зайсангаас  зорьж ирж байгаа учраас тэр хавьцаа салбараа нээгээч”  гэдэг  санал тавьсан. Тиймээс шинэ жилээс өмнө дараагийн салбараа Зайсанд  нээх бодолтой байна. Ойрын өдрүүдэд хаана нь  нээвэл боломжийн байна вэ гэдэг судалгаа хийж явлаа.  Богд ууландаа гарахдаа дуртай кофегоо аваад гарах гоё шүү дээ.

 

...Надад олон хүн “Зайсангаас  зорьж ирж байгаа учраас тэр хавьцаа салбараа нээгээч”  гэдэг  санал тавьсан. Тиймээс шинэ жилээс өмнө дараагийн салбараа Зайсанд  нээх бодолтой байна...

 

-Яг энэ хэв маягаар тохижуулах уу?

-Энэ хэв маягаа барих санаатай байна. Жуулчид үйлчлүүлэхэд үндэсний гэж харагдахаар  хэв маягийг бий болгоно. Манайд байдаг кофе шопын ихэнхи нь хар бараан өнгөтэй байдаг. Харин шинэ салбараа уран зургаар баяжуулах бодолтой байна.

-Кофе хэрэглээнээс гадна соёл болсон. Хүнийг хэрэглэж буй хоол хүнс, уух зүйлээс нь хараад  энэ хүн бэ гэдгийг бага ч гэсэн тодорхойлдог байх гэж боддог. Согтууруулах ундаа зардаг газар уулзсан хүмүүс, кофе уунгаа ярилцсан хүмүүсийн уулзалтын үр дүн ч арай өөр байж болох юм?

-Тийм шүү. Заавал бизнес эрхлэгч гэлтгүй хүүхэд , залуус ч кофены соёлыг нэвтрүүлэх нь амьдралд хэрэгтэй байх. Яагаад  гэвэл, тэдгээр хүүхдүүд, өсөж том болоод бизнесийн салбар, ажлын талбарт гадаад оронд биеэ зөв авч явахад нь хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүд, залуус өөрсдийн хэрэглээ, орж буй орчиндоо хэмжээ, хязгаар тогтоовол, түүндээ тохирсон харилцаа холбоо үүсдэг гэдэгтэй санал нийлж байна. Манайхаар үйлчлүүлж буй хүмүүсийг ажиглаад байхад их соёлтой,  ажил хэрэгч хүмүүс байдаг юм билээ. Ажилтантай харилцаж буй хандлага,  харьцаа арай өөр.

- Нэг үеэ бодоход байгууллагууд үйлчилгээний соёлыг сайн баримталдаг  болж. Танайх үйлчилгээний соёлыг хэрхэн баримталж ажилладаг вэ?

-Манайхтай адил үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйлчилгээ ер нь сайн шүү. Гэхдээ манай давуу тал нь зөөгч,  бариста нар үйлчлүүлж буй хүнтэйгээ тулж харьцах. Өөрөөр хэлбэл, нэг хүн нэг аяга кофе захиалаад хэдэн ч цаг суусан болно. Удаан суугаад байвал хажууд нь халуун ус аваачиж өгдөг байж болно шүү дээ. Зүгээр л энгийн зүйлээр үйлчлүүлэгчдээ халамж тавих уриатай л даа. Долоо  хоног бүр  шинэлэг байхыг хичээдэг. Үйлчилгээний байгууллагууд бидний төлөө ажилладаг ТҮК-ийн ажилчид, цагдаа нарт ээлтэй хандаасай гэж боддог. Гэхдээ заавал  оруулж ирэхгүйгээр өөрсдөө очоод халуун цай,  чацаргана уулгаж болно шүү дээ. Зарим үйлчилгээний байгууллагууд бие засах газартаа оруулдаггүй байдлыг  өөрчилье гэж зорьсон. Манайх ядарсан, муухай хувцастай,  архи үнэртүүлсэн хүнийг ч оруулж ирээд халуун юм уулгаад гаргадаг. Тэр хүнийг бид өмнө нь ямар байсныг мэдэхгүй шүү дээ. Бидэнтэй л адилхан хүн учраас хүн шиг харьцахыг хичээдэг юм. Бусад үйлчилгээний газар ийм хүн орж ирэхээр хөөгөөд  байдаг нь их муухай харагддаг юм билээ. Би яагаад заавал тэдэн шиг хандах ёстой гэж. Бүх хүнтэй эрх тэгш хандахыг хүмүүст уриалмаар санагддаг.

-Танайхаар орж ирэхэд төгөлдөр хуур сонин санагдлаа. Нэлээд хуучны эд бололтой?

-Манай кофе шопын нэг чухал хэсэг болох энэ төгөлдөр хуурийг 1870-аад онд үйлдвэрлэж байсан түүхтэй. Бид  үйлчлүүлэгч орж ирэхэд  сонгодог ая тоглодог юм. Энэ төгөлдөр хуур МУСГЗ хөгжмийн зохиолч Р.Энхбазар ахын  хэрэглэдэг байсан хөгжим. 1940 онд манай улсад орж ирсэн энэ төгөлдөр хуурын эгшгээр 100 гаруй алдартай дууг зохиосон гэж надад ярьж байсан. Тухайлбал, “Дэлхий ээж”, “Угталтын дуу”,  МУГЖ, дуучин А.Долгорын “Эр хүн” гэх мэтчилэн бүхий л үеийн алдартай дуунуудыг нэрлэж болно. Сонин түүхтэй байгаа биз. Р.Энхбазар ах ч өөрөө “энэ эрхэм зүйлийг  амьгүй байлгаад  яах вэ” гээд энд тавихыг зөвшөөрсөн. Одоо ч дуугаралт нь сайхнаараа байна. 

-Залуу хүний хувьд асуухад, Монголд ийм хэмжээний ажил эрхлэхэд  нөхцөл, боломж хэр байдаг бол. Магадгүй ийм төрлийн ажил, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй олон хүн сонирхох байх?

-Манай улс сүүлийн жилүүдэд хөгжиж байна. Тэрнийхээ хэрээр том, жижиг бизнесийн зах зээл маш их. Бид нар өөрсдөө сайн бодож,  судалгаагаа хийвэл залууст боломж их байна. Миний хувьд туршлагаасаа хуваалцах дуртай. Тухайлбал,  уул  уурхайн компани руу бараа хэрхэн нийлүүлдэг, түүнийг хэрхэн хайх, бусад  байгууллагын маркетингийг яаж хийвэл таатай нөхцөл бий болох вэ гэх мэтчилэн зүйлийг  залуустай чөлөөтэй ярьдаг. Магадгүй оюутнууд,  сурагчид надтай ямар ч сэдвээр чөлөөтэй ярьж болно шүү дээ. Манай кофе шотын хойд заал оройн 06:00 цагаас хойш эл хуль байдаг учраас нээлттэй. Цагийн  мөнгө, түрээс авахгүй шүү дээ.

-Таны ярьж буй зүйлийг ажиглаад байхад хүмүүсийн хандлагыг өөрчлөх санаатай байгаа юм болов уу гэж харлаа. Иргэдийн хандлага өөрчлөгдөж байж нийгэм эрүүлжинэ. Хүмүүс аливаа зүйлийг арай эерэгээр хардаг болох болов уу?

-Нийгмийн хандлагыг өөрчлөх нь зөв  л дөө. Миний дараагийн хийх алхам бол сургуулийн ахлах ангийн эрэгтэй сурагчдад өглөө 06:00 цагаас үнэгүй сургалт явуулъя гэж бодож байгаа. Ийм насны буюу шилжилтийн насны хүүхдүүд  их эмзэг, яаж ч мэдэхээр байдаг. Тэд надтай, эсвэл хоорондоо хэрхэн бие авч явах, охидтой, гэр бүлийнхэнтэйгээ хэрхэн харилцах,  цаашлаад бэлгийн боловсролын талаар ч ярилцаж болно. Гудамжинд  битгий хог, шүлс хая гэх мэтчилэн ярианы сэдэв хязгааргүй юм даа. Ийм энгийн хэрнээ маш хэрэгтэй зүйлүүдийг  өсвөр насанд нь ойлгуулчихаар амьдралд гараад  ямар ч ажил хийсэн тэр хүний хандлага, хүмүүжлийг олон нийт харна. Удирдлагадаа үнэлэгдэнэ.  Хэн нэгнээс ичээд ярьж чаддаггүй хүүхдүүд  өөртөө итгэлтэй, нээлттэй ярилцах гэх мэтээр өөрчлөгдөж болно шүү дээ. Тэдний ирээдүйн хүмүүжилд нь хэрэгтэй байх гэсэн үүднээс ийм зүйл хийхээр төлөвлөж байгаа.