ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хэдэн залуу шатаж амиа алдаж, хэдэн вагон үнс болсны дараа Д.Жигжиднямаатай хариуцлага ярих вэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-10-22

Монгол Улсын хамгийн том аж ахуйн нэгжийн нэг болох УБТЗ-д “чөтгөр шүглэсэн” бололтой. Энэ байгууллага гаргасан зөрчил бүхнээ дотроо нууцлахыг хүсдэг, үүндээ төрийн байгууллагуудыг татан оролцуулдаг буруу жишиг тогтлоо. Тэр ч байтугай "хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгсөн хүн хэн болохыг ол" хэмээн шүүхээр албан тоот бичүүлэн албан байгууллагыг дарамталдаг хааны эрх мэдэлтэй нэгэн хүн УБТЗ-ыг удирдах болсоор хэдэн оныг үдэв. “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа гэгч нь чухамдаа Монгол Улсын төрийн гурван өндөрлөгөөс ч давсан эрх мэдэлтэй, ОХУ, Монгол Улс гэсэн хоёр талд нэр нөлөөгөө тогтоосон, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагад өөрийн дураар “хөгжмөө захиалдаг” эрхэм байх аж. Энэ газарт жил дараалан аймшигт ослууд гарч, цэл залуухан хөвгүүд алтан амиа алдсаар байна. Харин үүнийг нь өнөөх шударга ёсны төлөө тэмцдэг хэвлэл мэдээллийнхэн мэдсэн ч мэдээгүй юм шиг чихнийхээ хажуугаар өнгөрөөж буй учраас Д.Жигжиднямаа ба түүнийг тойрон хүрээлэгчдийн эрх мэдэл чөлөөт хэвлэлийн амыг хүртэл мөнгөөр үдэв үү хэмээн эргэлзэхэд хүрч байгаа юм.

Учир нь энэ сарын 20-ны өдөр 16.25 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаянгийн өртөө үе угсрах баазын нэгдүгээр зам дээр ачааны зориулалттай битүү вагон шатсан ноцтой осол гарчээ. Хамгийн аймшигтай нь энэхүү ослын улмаас Зам засварын машинт станцын ажилтан Дундговь аймгийн харьяат 35 настай Б гэгч шатаж амиа алдсаныг нууцлах гэж оролдсон нь аймшигтай.

Бид мэдээллийг өчигдөр өглөө авсан даруйд Тээврийн цагдаагийн алба руу утасдаж тодруулахыг хүссэн ч Төмөр замын цагдаагийн албатай холбож өгье хэмээн утсаа салгаад таг болов. Эрэл сурал болсны эцэст Төмөр замын цагдаагийн албатай холбогдсон ч хэвлэлийн хүн нь утсаа салгасан байлаа.

Тиймээс “УБТЗ” ХНН-ийн Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан н.Зоригт гэгчтэй утсаар холбогдож, хэргийг тодруулахад  “Би хуралтай байна. Наад асуудлаа Төмөр замын цагдаагийн албанаас асуу” гэсэн хэтэрхий хайнга хариулт өгчихөөд утсаа салгав. Бод доо. Энэ байгууллагын нэгэн эд эс болсон эрдэнэт хүний алтан амь эрсэдчихээд байхад гөлөг төөрүүлж буй аятай хэвлэлээс мэдээллээ нууцлаад тэд ямар ашиг олж долоохыг хүсэв. Ядахдаа талийгаачийн ар гэрээс уучлалт гуйх эр зориг тэднээс гарсангүй. Хүн ёсны хүнлэг үйлдэл ч үзүүлсэнгүй. Хоёр хүүхний хэрүүлийг өдөр өнжихгүй сурвалжилдаг шударга үнэний хэвлэлүүд  ч осол юунаас болсон, залуугийн алтан амь дахиад үнэгүйдэх үү гэдгийг сурвалжлахыг ч хүсэхгүй байна. Төмөр замын байгууллагынхаа албан ёсны вэб сайтад ч тэд эмгэнэлийн тухай нэг үг үсэг ч оруулаагүй нь яасан хатуу сэтгэлтэй, ямар журамгүй хүмүүс тэнд ажиллаж буйг харуулах биз ээ. Ажилтан нь амиа алдахад бид хэчнээн их шаналдаг билээ. Харин тэр байгууллагын нэг ч ажилтнаас тийм үйлдэл илэрсэнгүй.

Биднийг мэдээлэл авсан гэдгийг мэдсэн учраас сандарсан уу, юутай ч өчигдөр орой ажил тарах цагаар албаны гэхэд дэндүү албаны мэдээ Онцгой байдлын газраас гаргасан нь зөвхөн “Ulsturch.mn” сайтад орсон юм. Улаанбаатар төмөр замд гарч буй галын осол үүгээр дуусахгүй. Өчигдөр Долоодын хөндий зөрлөгт вагон замаас гарсан осол гарч, суудлын вагон шатсан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Энэ асуудлыг мөн тодруулахыг хүссэн ч хэн ч хариулт өгөхийг хүссэнгүй.

Үндсэндээ Д.Жигжиднямаа даргын удирдаж буй УБТЗ-д 2020 он гарснаас хойш дөрөвдэх удаагаа вагон шатсан хэрэг гарлаа. Үүнийг тэд хуучирсан вагоноос боллоо хэмээн алдааг өөрсдөөсөө холдуулаад л өнгөрдөг. Харин хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Эрдэнэт хүний алтан амь үрэгдэхэд “Талийгаач өөрөө вагоны урдуур орчихсон юм билээ. Ажлаа хийж байх үедээ согтуу байсан” хэмээн хэнэггүйхэн яриад зогсдог хүн бол Д.Жигжиднямаа.

Энэ салбарт 2017 оноос хойш маш олон осол гардаг ч дандаа тухайн ажилтны буруу болоод өнгөрсөн байдаг. Тухайлбал, 2017 онд төмөр замын салбарт нийт 28 осол гарч, эндээс үйлдвэрлэлийн осол 13 бүртгэгдэж байв. Хоёр ажилчин нас барж, 10 гаруй ажилтан нь хөдөлмөрийн чадвараа алдсан байдаг. Энэ нь зөвхөн төмөр замын салбарт ажиллаж буй ажилчидтай холбоотой осол. Нөгөө талд энгийн иргэд төмөр замд дайруулж амиа алдсан гэмт хэргийн тоо замаа алдсан. Харин 2018 онд хоёр ч удаагийн том хэмжээний осол гарч, хоёр ажилтан амиа алдаж, мөн тооны ажилтан түлэгджээ. Харин 2019 онд УБТЗ-ын хоёрдугаар ангийн есдүгээр хэсгийн бригадын дарга 25 настай Ө гэгч нь зам шалгаж явахдаа вагонд дайруулж амиа алдсан. Мөн 2018 оны наймдугаар сарын 27-нд Замын-Үүдийн “Өртөө-2” гэдэг газарт төмөр замын ажилтан Б гэгч ажлаа хийж явахдаа вагонд дайруулж амиа алдсан байдаг юм. Талийгаачийн хамгийн сүүлд ажлаа хийгээд явж байгаа бичлэг цахим орчинд цацагдсан бөгөөд бичлэгт залуу хүрз бариад замын хажуу талыг цэвэрлэж байдаг. Гэнэтхэн вагон орж ирэхэд замын хажуу руу бултах гэсэн ч амжилгүй дайруулж буй бичлэг байдаг билээ.

Гэтэл энэхүү хэргийг прокурорын байгууллагаас “амиа хорлолт” буюу гадны нөлөөгүй хэмээн хаажээ. Хамгийн эмгэнэлтэй нь залуу хүрз бариад, зам цэвэрлэж явахдаа амиа хорлох уу. Хамт ажиллаж байсан хүн нь зааварчилгаа өгөхдөө Олон улсын вагон цагаасаа 12 минутаар хоцорч ирэх тухай мэдээлэл өгөөгүй аж. Вагон хоцорч ирэхийг хэлчихсэн бол талийгаач байнга анхааралтай хандаж, зам ширтээд ажлаа хийж болох байжээ.

Ийм байдлаар Төмөр замын цагдаагийн албаа ч атгандаа оруулчихсан эрхэм дарга гаргасан осол бүхнээ бусдаас нууцалж, хэвлэлүүдийн амыг үдчихээд аз жаргалтайгаар ажлаа хийж, дарга цэргээр ОХУ руу хүртэл дахин дэмжиж өгөөрэй хэмээн бичиг шидүүлчихээд сууж байна. Авлигатай тэмцэх газарт оффшор бүсэд мөнгө угаасан хэргээр шалгуулж байсан ч энэ хэрэг хоёр жил гаруйн хугацаанд сунжирч, эцэстээ АТГ таг нууцлаад дууслаа. Төмөр замын ажилчид нь ажлаас халагдахаас айж хэн нь ч дуугарч чадахгүй гаргасан зөрчил бүхнээ нууцалсаар сууна. Хэмжээлшгүй эрхтэй хаан аятай дураар аашилж, амиа алдсан ажилтан бүхнээ согтуу, өөрөө хариуцлагагүй байсан хэмээн үл тоож орхидог Д.Жигжиднямаа гэгчийн эрх мэдэл хэзээ дуусах вэ. Хэдэн залуус согтуугаар амиа хорлож,  шатаж амиа алдаж, хэдэн вагон үнс болсны дараа энэ хүнтэй хариуцлага ярих вэ.