ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Амарбаясгалан: Мэдлэг туршлагыг нь ашиглах гэж хүнд шийдвэрийг гаргуулсан

O.Admin
2020-10-22

Нийслэлийн МАН-ын V хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж байна. Хуралдаанаар Хотын даргад Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгалан нарыг дэвшүүлэхээр санал оруулж байгааг МАН-ын генсек Д.Амарбаясгалан танилцуулж, үг хэлсэн юм. Тэрбээр, “УИХ-ын гишүүнээсээ татгалзах нь улстөрчийн хувьд хүнд шийдвэр. Гэхдээ намын шийдвэрийг хүндэтгэн хүлээж авсанд баяртай байна.

Сонгуулиар итгэлээ өгсөн нийслэлчүүдийн итгэлийг ажил хэрэг болгох, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэнх чухал ажлыг Д.Сумъяабазар даргад намын зүгээс даалгаж байгаа юм. Бидний өмнө Ерөнхийлөгчийн сонгууль, 100 жилийн ой гэсэн хоёр чухал ажил байгаа. Хотын дарга зангарагтай хүн байх ёстой.

Тиймээс улс төрийн туршлага, мэдлэгийг нь ашиглах гэж энэ хүнд шийдвэрийг өөрөөр нь гаргуулсан гэдгийг та бүхэн ойлгоорой” хэмээжээ. Харин УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын тухайд өмнө нь “Хотын дарга болохгүй” хэмээн мэдэгдэл хийж байсан ч намын шийдвэрийн улмаас шийдвэрээ өөрчилсөн бололтой.

Хотын даргад нэр дэвшигч Д.Сумъяабазар нь УИХ-д 3 удаа сонгогдсон, нэг удаа Төрийн сайдаар ажилласан. Мөн нийслэлийн МАН-ын 2016, 2020 оны ялалтыг удирдсан, Сонгинохайрхан дүүрэгт дараалан намаа 3 удаа ялуулсан улс төрийн, пиарын туршлагатай нэгэн юм.